Монгол улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад үнэтэй гавьяа байгуулсан ууган их сургууль болох Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хамт олон түүхт 80 жилийн ойгоо “СУДАЛГАА БА ИННОВАЦИ -ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНД” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулан тэмдэглэж байна.
1942 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет байгуулагдсан нь манай орны хувьд орчин цагийн анагаах ухааны эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх их замын эхлэл болсон юм.
Өнөөдрийг хүртэл Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн 92 хувь буюу нийт 56 000 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг дангаараа бэлтгэн сурган хүмүүжүүлсэн нь яах аргагүй Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль билээ.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн багш, эмч, сувилагч, судлаачид Дэлхийн нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийт 613 бүтээл хэвлүүлж, бүтээлээс эшлэл авсан тоо 10161-д хүрснээр Монгол Улсын хэмжээнд эрдэм шинжилгээний бүтээлийн чансаагаар эхний 3 байранд тогтмол багтан, амжилтаа дахин бататгалаа. Зөвхөн 2021 онд гэхэд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн багш судлаачид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний The Lancet, Immunity, Hepatology зэрэг 80 гаруй сэтгүүлд 103 бүтээл хэвлүүлж бүтээлээс эшлэл авсан тоо 2183 болсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад бүтээлийн тоо 35 хувиар, бүтээлээс эшлэгдсэн тоо 58 хувиар нэмэгдсэн нь манай их сургуулийн эрдэмтэн багш, судлаачдын бүтээл дэлхийд өрсөлдөх чадвартай байгаагийн тод илрэл юм.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “СУДАЛГАА БА ИННОВАЦИ-ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНД” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, Их Британи, Австрали, Япон, Солонгос, Швейцарь, БНХАУ, Монгол улсын эрдэмтэн, багш, эмч, сувилагч, судлаачдаас Англи хэл дээр нийт 100 гаруй эрдэм шинжилгээний илтгэл ирүүлснийг эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл болгон хэвлэж, багш судлаачдын хүртээл болгож байна.
Эрдэм шинжилгээний олон улсын хурлаар хэлэлцэгдэж буй эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн арга зүйгээр туурвисан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг олон талаас нь хөндсөн, шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан, онол, практикийн асар их үнэ цэнэтэй, судлаач мэргэжилтнүүдийн сонирхлыг татсан, шинэ соргог бүтээлүүд бөгөөд эдгээр нь дэлхий нийтийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, практик үйл ажиллагаанд тохиолдож буй асуудал бүрийг шийдвэрлэх арга замын хөтөч болоод зогсохгүй шинжлэх ухааны салбарын хөгжил цэцэглэлтийн үндэс болох юм.