Галын аюулгүй байдлаа хангаж, угаарын хийн хордлогоос сэргийлэхийг анхаарууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1392, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 165, нийт 1562 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллажээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 22.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Хүйтний улирал наашилж, галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймэр нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд 220 мянга орчим өрх пийшин зуухны галлагаа хийдэг.

Ахуйн гал түймрийн эрсдэлийг бууруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” 45 хоногийн нөлөөллийн аяныг эхлүүлж байна.

Ганцхан хоромд гал бүхнийг авч оддог учир өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. Мөн ил задгай асгасан үнс нурам болон аюулгүй байдлын шаардлага хангаагүй цахилгаан хэрэгсэл, цахилгаан утаснаас үүдэлтэй ахуйн гал түймрийн дуудлага их байна. Гал түймэр эцэг эхчүүд ажилдаа явсан цагаар буюу өдрийн 11:00, цахилгааны их ачааллын үе буюу оройн 17:00 цаг болон иргэд унтаж амарч байх үед ихэвчлэн гардаг.

Мөн цахилгааны хэт ачааллыг ихэсгэж, нэг залгуураас олон цахилгаан хэрэгсэл залгах шалтгаанаас үүдэлтэй гал гарах нь их байна. Монгол гэр өвлийн улиралд 3-5 минутад шатдаг.

Яндан төмөр хамгаалалттай байх ёстой. Пийшин зуухны галлагаатай холбоотой яндангийн хамгаалалт хийгээгүйгээс болж халалт үүсэж, гал маш хурдан тардаг. Сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой дуудлага эрс нэмэгдэж байна.  Иймд гэр, орон сууцны галын аюулгүй байдлыг хангаж, гал түймрийн аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна” гэлээ.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …