Улсын Их Хурлаас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар 2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу маргааш Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Нээлтийн арга хэмжээний дараа иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулж, “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжлэнэ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд иргэдээс санал авч, 10 дугаар сарын 17-ны өдрийн 17.30 цагийн байдлаар 13,994 иргэн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцаж, 964 иргэн саналаа өгсөн байна.
2023 оны төсвийн төслийн онцлог нь эдийн засгаа тогтворжуулах, өрхийн эдийн засгийг бууруулахгүй байх, мөн өнгөрсөн онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдээ ашиглалтад оруулахаар тусгасан. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн дийлэнх хувийг дуусгахаар тооцолсон.
Иргэдийн санал шүүмжлэл, бодит оролцоо, хяналтыг бий болгож, хамтдаа хуулиа санаачилдаг, төсвөө хэлэлцэн баталдаг болохын тулд цахим парламент буюу D-Parliament аппликейшнийг танилцуулаад байгаа билээ.