БУУДЛАГА: ДАШТ-ээс Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медаль хүртлээ

Буудлагын 2022 оны ДАШТ Египетийн нийслэл Каир хотноо 14 хоногийн турш үргэлжилж,  өчигдөр өндөрлөлөө.

Даваа гарагт болсон 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг мөнгөн медаль хүртлээ.

Энэ дасгалд 12 баг өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар 539 оноогоор хоёрдугаар байрт жагсаж, шууд финалд өрсөлдөх эрхээ авсан. Улмаар шигшээ буудлагад Хятадын багт 17:9-өөр дийлдэн мөнгөн медаль хүртсэн юм.

Энэ дасгалд Э.Хишигдэлгэр, О.Төгөлдөр нар 515 оноогоор долдугаар байрт орлоо. Хэрэв зургаад жагссан бол гуравдугаар байрын багтай хүрэл медалийн төлөө халз буудах байв.

Энэ жилийн ДАШТ-ий олимпын төрлийн дасгалуудад эхний дөрвөн байрт бичигдсэн тамирчид “Парис-2024” олимпын эрхээ шууд авах байсан. Гэхдээ Ц.Мөнхзул, Э.Даваахүүгийн өрсөлдсөн дасгал олимпын төрөл биш байв.

Тэдний авчирсан мөнгө буудлагын ДАШТ-ээс хүртсэн монголчуудын тав дахь медаль болж байна.

Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 1998 оны ДАШТ-ээс хувийн төрөлд анхны алтан медалийг хүртсэн бол О.Гүндэгмаа 2006 оны ДАШТ-ээс хувийн төрлөөр хүрэл медалийн эзэн болж байв.

Мөн 1998 оны ДАШТ-ээс Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун гэсэн бүрэлдэхүүнтэй баг хүрэл медаль, 2014 онд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар багаараа мөнгөн медаль хүртсэн билээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …