Нийслэлийн Засаг даргын 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/1291 дүгээр захирамжаар “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор “Шар дарцаг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ны хооронд нэг сарын хугацаатай өрнүүлэх юм.
Тус аяны талаар өнөөдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас хамтран мэдээлэл өгөв.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Содбаяр“Сүүлийн таван жилийн байдлаар манай улсын хэмжээнд зам тээврийн ослоор 196 хүүхэд амиа алдаж, 4956 хүүхэд гэмтэл авсан харамсалтай тоон мэдээ байна. НЗДТГ-аас 2021 оноос Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
Уг аянд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд идэвх санаачилгатай оролцсон төдийгүй орон нутагт ч дэмжин хэрэгжүүлсэн. Зам тээврийн осол бидний хайхрамжгүй, болгоомжгүй, хэнэггүй байдлаас үүдэн гардаг бөгөөд жолооч нарыг илүү хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байна. Иймд “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор “Шар дарцаг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Замын хөдөлгөөнд оролцогч жолооч болон хүүхдүүдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд зөв дадал хэвшил бий болгоход эцэг, эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм. Аяныг хэрэгжүүлснээр ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам, тээврийн осолд өртөх эрсдэл буурна гэж тооцож байгаа. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч нарыг тус аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” гэлээ.