Б.Ганхуяг: Бүрэн эрхт төлөөлөгчтэй бүх түвшинд хамтарч ажиллана

Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон юм.

Энэхүү шийдвэр гарсны дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан юм.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, ажлаа өгөөгүй гэдгээ мэдэгдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” бол хувьцаат компани. Хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлтэй. Төр 81.7 хувийг нь эзэмшдэгийн хувьд төрийн гаргасан шийдвэрийг шууд биелүүлнэ.

Валютын нөөцийн орлогыг нэмэгдүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” чухал үүрэг гүйцэтгэх  учир энэ тал дээр анхаарч ажиллаж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргасан тоон мэдээллүүд зөрж байгаа.

Жишээ нь, наймдугаар сарын 30 буюу гуравдугаар улирлын байдлаар 6.7 сая тонн нүүрс экспортлогдсон байна. Үүнийг зөвхөн 2022 оны мэдээлэл мэтээр тайлбарласан. 3.3 сая тонн нь 2021 оных, харин 1.5 сая тонн нь 2020 оны үзүүлэлт.

2020, 2021 онд ковидын нөхцөл байдлаас шалтгаалж маш их экспортын төвлөрөл Цагаан хаданд бий болсон. Үүнийг шийдвэрлэх хүрээнд хоёр тал тоон мэдээллээ нэгтгэх ёстой. Тоо нэгтгэлийг зохион байгуулах ажлыг бүрэн эрхт төлөөлөгч хариуцаж ажиллана.

Орон нутгийн “Эрдэнэс Тавантолгой”-тай холбоотой 341 мянган тонн нүүрсний асуудал яригдаж байгаа. Энэ бол нэгэнт тодорхой болсон зүйл.

500-600 сая доллар босгоно гэдэг тийм амар биш. Ачаа эргэлтийг зөв зохицуулах тал дээр анхаарах хэрэгтэй.

Оптек гэрээ, их хэмжээний урьдчилгаатай холбоотой нүүрснүүдийн зарим хэсгийг хойшлуулах хэлбэрээр тухайн мөнгөн дүнг бүрдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

Бүрэн эрхт төлөөлөгчтэй бүх түвшинд хамтарч ажиллана. Ямар нэгэн үл ойлголцол байхгүй. Компанийн үйл ажиллагаанд дэм болох үүднээс шаардлагатай бүх  мэдээллээр хангаж байгаа. Энэ бол бидний хүлээсэн үүрэг.

Үйл ажиллагаатай холбоотойгоор экспорт, уртын тээврийг нэмэгдүүлэх асуудал дээр томоохон шийдвэрүүдийг гаргасан. Үр дүнгээ өгнө гэж дүгнэж байгаа.

Мөн экспортын орлоготой холбоотой хөрөнгө оруулагч талууд буюу худалдан авагч талуудтай хэлэлцээ хийх ажлыг эхлүүлсэн.

Худалдан авалт, урьдчилгаа авсан нүүрснүүдийг зөв зохистой байршуулах асуудал дээр томоохон алхмууд хийгдэнэ.

Өчигдрийн байдлаар ерөнхий танилцуулга явагдсан. Өнөөдөр төлөвлөгөө танилцуулагдана.

Би тамга тэмдгээ аваад зугтсан гэдэг нь худал. Өнөөдрийг хүртэл хувь хүний хувьд зугтаж биш зүтгэж ажиллаж байна. Тамга бол надад байдаггүй. Төрийн байгууллагын тогтсон журмаар Тамгын газрын даргад бий. Тамга дарах ажлыг бид хийдэггүй. Тиймээс энэ тал дээр буруу ойлголт битгий үүсгээрэй.  

Бид дөрөвдүгээр улиралд 300-350 сая долларын нөөц бүрдүүлэх чадамжтай гэдгээ Засгийн газарт мэдэгдсэн ч, 500-600 сая болгох боломжтой гэж холбогдох байгууллагууд үзсэн. Нэгэнт үүрэг өгсөн тул зүтгээд ажиллана.

Нөөц бүрдүүлэхтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх санхүүгийн ямар аргачлал байна гэдэг асуудал дээр хоёр талаас маш сайн саналууд гарч байгаа.

Хилээр өдөрт 560-600 автомашин гарч байгаа. Үүний 60 хувь нь “Эрдэнэс Тавантолгой”, 25 хувь нь “Энержи Ресурс”, 15 хувь нь орон нутгийн “Тавантолгой”-нх. Тиймээс уртын тээврийг нэмэгдүүлнэ.

Бид 9.3 сая тонн нүүрс олборлож, 8.3 сая тонн нүүрс экспортолно гэсэн төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар 5.7 сая тонн нүүрс экспортолсон. Компани өчигдрийн байдлаар 808.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай  ажиллаж байна гэсэн үзүүлэлт гарсан. Энэ тоог оны эцэс гэхэд нэг их наяд руу дөхүүлнэ.

Улсад 650 орчим тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Оны эцэст 800 гаруй тэрбум болно.

Түүнчлэн өр, авлагын талаар буруу мэдээллүүд гарсан. Бидэнд 3.6 их наядын авлага, 3.4 их наядын өглөг бий. Энэхүү өр авлагыг тэнцвэржүүлбэл 200 тэрбум төгрөгийн ашиг авах боломжтой.

Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК зөвхөн олборлолт явуулдаг компани байсан. Одоо бол 20 орчим төсөл хариуцсан төслийн компани болсон.

“Эрдэнэс таван толгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн “Таван толгой”-г түшиглэсэн 51 мянган хүн амтай суурьшлын бүс бий болно. Улмаар 30 гаруй үйлдвэр баригдана.  Энэхүү төслийн ажлууд олборлолт дээр нэмэгдэж байгаа учир ажлын ачаалал маш их байна. Тиймээс ачааллыг багасгахад бүрэн эрхт төлөөлөгч дэм болно гэж итгэж байна. Бид бүрэн эрхт төлөөлөгчийн удирдамж, чиглэлийн дагуу ажиллана” гэдгээ мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …