Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2012 оны 11 сарын 29-нд болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас Засаг даргаар сонгогдож, 11 сарын 30-нд Ерөнхий сайд баталгаажуулж байсан. Энэ цагаас хойшхи нэг жилийн хугацаанд баг хамт олноороо төлөвлөсөн ажлуудаасаа нэлээдгүйг амжуулжээ. Энэ хугацаанд хийгдсэн гол ажлуудаа тайлагнах, ирэх жилийн хамтын ажиллагаагаа эртнээс төлөвлөх үүднээс банк санхүү, хэвлэл мэдээлэл, төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай ажил хэргийн уулзалтуудыг өнөөдөр зохион байгууллаа. Үдээс өмнө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон бол үдээс хойш үүрэн холбоо, банк, шатахуун түгээх станцын удирдлагуудтай уулалт ярилцлага хийв. Энэхүү уулзалтанд 14 байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө нэг санаачлагатай ажил өрнүүлж хийх, байгууллагаа ирэх онд усны тоолууртай болгох, төвлөрсөн болон цахилгаан халаалтанд шилжих зэргийн хүсэлтүүдийг Засаг даргын зүгээс тавьлаа.
Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагын удирдлагуудыг өрөөндөө хүлээн авч уулзан энэ онд хийгдсэн ажлаа танилцуулж, ирэх жилийн хамтын ажиллагааны бодлогоо төлөвлөлөө.
Г.Одонтуяа