Дэлхийн шатрын спортын 44-р олимпиадад Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны Дэд мастер 17 настай Б.Мөнгөнзул охин түрүүлж, алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болсон билээ.
Түүний амжилтыг үнэлж өнгөрсөн наймдугаар сарын 13-ний өдөр “Моннис” группийн хамт олноос “Renualt Sandero Stepway” маркийн автомашин бэлэглэх эрхийн бичиг гардуулсан юм.
Тэгвэл “Моннис” группийн хамт олон амлалтаа биелүүлж, өчигдөр Б.Мөнгөнзулд “Nissan Juke” автомашин бэлэглэв.
“Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатар “Манай хамт олон, удирдлагууд Б.Мөнгөнзул аваргад шагнал гардуулъя гэж шийдсэн. “Моннис” групп нийгмийнхээ сайн сайхны төлөө, ялангуяа оюуны спортыг дэмжиж, хамтарч ажиллах зорилттой байгаа.
Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан залуу аваргаа дэмжиж, тусалъя, урам зориг өгье, мөн монголчуудыг оюуны спортоор хичээллээсэй гэдэг үүднээс урамшуулж байна.
Бид наймдугаар сард “Renualt Sandero Stepway” маркийн цоо шинэ автомашин бэлэглэх эрхийн бичиг гардуулсан боловч дайны улмаас Оросын үйлдвэр зогссон.
Гэхдээ “Моннис” групп амласан амлалтаа биелүүлэхийн тулд “Sandero” маркийн автомашинаас илүү том 2022 оны “Nissan Juke” автомашин бэлэглэж байгаа.
“Хүлээвэл хүндийг” гэдэг шиг хүлээгээд илүү өөрт нь таалагдах автомашин очиж байгаад аваргынхаа өмнөөс баяртай байна” гэлээ.
Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул “Шатрын спортоор таван настайгаасаа хойш хичээллэж байна. Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадаас алтан медаль хүртсэн том амжилтыг маань үнэлээд, сайхан машин бэлэглэсэн “Моннис” группын хамт олондоо баярлалаа. Шатрын спортоор хичээллээд, амжилт гаргаад, ийм том бэлэг авна гэж бодоогүй байсан. Төсөөлж ч байгаагүй. Том шагнал авлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.