Сангийн сайд Б.Жавхлан ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Засгийн газар албан ёсны байр сууриа аль хэдийн илэрхийлсэн. Ковидын хууль 12-р сарын 31-ээр дуусгавар болно.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаагүй байхад сард 25-30 тэрбум төгрөг орж ирж, дараагийн зээлд зарцуулагддаг байсан.
Одоо нэг сард эргэн төлөлтөөр хуримтлагдаж буй мөнгөн дүн 5-10 тэрбум төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл дараагийн зээлдэгчдийн боломж хумигдаж байгаа юм.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан шийдвэр үүргээ биелүүлсэн. Ирэх оноос хэвийн хуваарьтаа ороод явах хэрэгтэй.
Хэвийн нөхцөлд жилдээ хамгийн ихдээ 700 тэрбум, багадаа 400-450 тэрбум төгрөг иргэдэд ипотек болж очдог.
Сүүлийн жил гаруйн хугацаанд ипотекийн зээлээ төлөх, төлөхгүй эсэх сонголтыг иргэдэд нээлттэйгээр олгосон.
Ипотекийн зээлийн хугацааг хойшлуулсан шийдвэр нь ямарваа нэгэн хөнгөлөлт биш. Тиймээс эртнээс зээлээ төлөөд явж байх нь иргэдэд ашигтай” гэж мэдэгдлээ.