Монгол Улсын 2023 оны төсвийг батлах гэж буйтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:Манай намын зүгээс энэ удаагийн төсвийг анхнаасаа эсэргүүцэж, дунд нь завсарлага авч, төсвийн төслөө татахыг шаардсан. Иргэд ядуурч байна. Улсын өр нэмэгдэж дампуурах нөхцөлд хүрлээ.
Бизнесүүд, иргэдэд мөнгө очихгүй, харин төр улам данхайх нь. Тиймээс энэ удаагийн Монгол Улсын төсвийг дэмжих боломжгүй. Гэхдээ эрх баригчид УИХ-д хэт олонх байгаа учраас хуулиа батлах нь гарцаагүй.
Эрх баригчид телевизээр ард түмний амьдрал сайхан байна, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бүх зүйл сайн, сайхан болно гэж ярьж байна. Үнэндээ ард иргэдийн амьдрал хүнд, ажилгүйдэл нэмэгдсэн, зардал ихэссэн. Монгол Улсын 3 хүн тутмын 1 нь ядуу байсан бол одоо 2 хүн тутмын 1 нь ядуу болохоор байна.
2023 онд Монгол Улс дампуурах бодит эрсдэлтэй гэсээр байхад өндөр хэмжээний алдагдалтай төсөв баталж байгааг бид эсэргүүцэж байгаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:АН-ын зүгээс төсвийг алдагдалгүй батлах шаардлагыг тавьж байгаа. Алдагдалтай батлах юм бол нэгдүгээрт бид гадаад өрөө төлөх боломжгүй болно. Хоёрдугаарт инфляц улам нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, юмны үнэ өснө. Хамгийн аюултай нь энэ бүхнээс үүдээд бизнесүүд хумигдаж эхэлнэ. Ингэвэл татвар, хураамж багасна.
Мөн орлогоо хэт хиймэл, хөөстэй төсөвлөсөн байгааг бид шүүмжиллээ. 36 сая тонн нүүрс гаргана гэсэн байна. Гэтэл хил хаагдаад гарч байгаа нүүрсний тоо багасаад ирлээ. Түүнчлэн маш их хэмнээд байгаа гэх боловч нийт 35 төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 485 тэрбумаар нэмэгджээ. Хэмнэлт хаана байна вэ.
Дээрээс нь томилолт үйлчилгээний зардал 132 тэрбумаар нэмэгджээ. Төсвийн нийт урсгал зардал 15 их наяд гэдэг бол түүхэнд байгаагүй өндөр зардал.
Үндэсний статистикийн хорооноос маш чухал мэдээллүүд гарч байгаа. Энэ байгууллагаас хоёр хүний нэг нь ядуу байна гэдэг статистик гаргажээ. Хүмүүс цалингаа нэмүүлье гэхээс илүүтэй цалингийнхаа үнэ цэнийг алдахгүй байхыг хүсэж байна.