Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг богино хугацаанд арилгачихдаг байсан бол намайг сайд болохоос өмнө ч арилгачихна шүү дээ.
Бид дугаарын хязгаарлалтаас өөр арга зам олоогүй байна. Дугаарын хязгаарлалтыг сайжруулсан хувилбараар хийх боломж байгаа. Даатгалдаа хамрагдаагүй, зөрчил гаргадаг машинуудыг зогсоож болно. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх механизм байхгүй. Үүнийг бий болгох тал дээр ажиллаж байна.
Хөдөлмөрийн хуулийн дагуу байгууллагууд хүүхдээ хүргэж өгдөг ажилтандаа цагийн уян хатан байдлыг санал болгох хэрэгтэй.
Байгууллагууд зогсоолын асуудалд зохицуулалт хийх шаардлагатай. Энэ талаар би сайдын хувьд зөвлөмж гаргаж, байгууллагууд руу явуулна.
Богино хугацаанд түгжрэлийг бууруулъя гэвэл захиргааны зохицуулалтыг л хийж таарна.
161 уулзвар дээр хянах төхөөрөмж суурилуулсан. Удахгүй систем ажиллаж эхэлнэ. Түгжрэл 20 хувиар буурна гэж тооцоолж байна.
BRT буюу тусгай замын автобус явуулна. Дүүжин тээврийн нэгдүгээр шугамыг ажиллагаанд оруулна. LRT-ийг нийслэл өөрийн боломжоор урагшлуулах ёстой.
Түгжрэлийн эсрэг багц хуулийн төслийг боловсруулж өргөн барина.
500 автобус оруулж ирэх ажлыг богино хугацаанд зохион байгуулна. Ирэх оны өвлөөс өмнө нийтийн тээврийн үйл ажиллагааг тогтворжуулна.
Захиргааны арга хэмжээ авахгүй байя гэвэл иргэд өөрсдөө хичээх хэрэгтэй. Олуулаа нэг машинд суух, алхах, автобусанд суух зэргээр. Бидний бодит байдал л энэ шүү дээ” гэж мэдэгдлээ.