Увс аймгийн Тариалан сумын иргэд өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүллээ. Тэд уг шаардлагадаа ҮАБЗ-ийг бүрдүүлдэг төрийн гурван өндөрлөгийг сонгуулийн хууль хэрэгжүүлэх, СЕХ-г хуулийн дагуу ажлаа хийхэд нь анхаарч, зөвлөмж гаргахыг хүсчээ.
Тариалан сумын иргэдийн хувьд өнгөрсөн баасан гаригт СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд хандаж “МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мөнгө тараасныг илчилж, хуулийн дагуу тус бүр нэг сая төгрөг авсан. Гэтэл мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдчихоод байхад дээрх хоёр гишүүний мандатыг хүчингүй болгохгүй байгаа нь иргэдийг нэг сая төгрөгний төлөө хүн гүтгэсэн болж харагдуулж байна. Хуулийн дагуу авсан сая төгрөгөө эргүүлэн өгье” гэж хүсэлт тавьсан. Харин СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэдний хүсэлтэд хариу өгөөгүй байгаа юм. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авахыг ҮАБЗ-ийнхнөөс хүсэв.
ҮАБЗ-ийн дэд дарга Б.Дашцэрэн тэдний хүсэлтийг хүлээн авахдаа, “Увсын сонгуулийн маргаан олон сар даамжирч байгааг мэдэж байгаа. Та бүхний хүсэлтийг хүлээн авлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлдэг хүмүүст та бүхний хүсэлтийг танилцуулна. Хуулийн дагуу хариу өгье” гэсэн юм.