Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн танилцуулгыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар төслийн төслийг танилцуулав.
Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилан авч үзвэл хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулсан гэлээ.
Төсвийн урсгал зардлыг 774.4 тэрбум төгрөг байхаар боловсруулсан бөгөөд үүний 577.1 тэрбум нь хотын шуудын төсөв бол 197.3 тэрбум төгрөг буюу 25.5 хувь нь дүүргүүдийн суурь зарлага юм.
Нийслэлийн төсвийн орлого
/мянган төгрөгөөр/
- Нийслэлийн төсвийн нийт орлого 526,127,720.0
- Татварын орлого 334,830,780.0
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 317,100,000.0
- Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт 40,000,000.0
- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 39,406,000.0
- Газрын төлбөр /дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулал/ 2,000,000.0
- Ус ашигласны төлбөр 4,300,000.0
- Ойгоос мод ашигласны төлбөр 24,780.0
- Нийслэл хотын албан татвар 12,000,000.0
- Татварын бус орлого 175,047,090.1
- Хувьцааны ногдол ашиг 500,000.0
- Төрийн өмч түрээслүүлсний төлбөр 1,800,000.0
- Төсөвт байгууллагын өөрийн орлого 18,064,565.5
- Авто зам ашигласны төлбөр 21,263,200.0
- Хүү торгуулийн орлого 100,419,324.6
- Өмч хувьчлалын орлого 2,200,000.0
- Ангилагдаагүй бусад орлого 30,800,000.0
- Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 16,249,849.9 байхаар боловсруулжээ.
Хотын даргын танилцуулгатай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэллээ.
Төлөөлөгч Ж.Алдаржавхлан
Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн задаргааг дараагийн хэлэлцүүлэг дээр тайлбарлах шаардлагатай. Маш том тоо явж байдаг, үндсэндээ түүний 100 тэрбумаар нь БШУЯ-тай хамтраад цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдвэрлэсэн гэж байгаа юм. Харин үлдсэн санхүүжилтээр юу хийсэн талаарх задаргааг Нийслэлийн ЗД-ын агентлагийн дарга нар тайлбарлах ёстой шүү.
Төлөөлөгч Д.Пүрэвдаваа:
Улаанбаатар хотод тулгамдаж асуудлуудыг эрэмбэлээд төсвөө төсөөлж, тооцоолох хэрэгтэй байна. Улмаар шийдэл, гарцуудыг тодорхойлсон төсвийн танилцуулга хийж байх хэрэгтэй. Мөн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, хувийн хэвшлээ дэмжсэн төсөв батлах хэрэгтэй юм. Нийслэлийн орлогын дийлэнх нь аж ахуйн нэгжүүдийн татвараас бүрддэг. Мөн НИТХ-ын бүрэн эрхэд халдсан хууль, сайдуудын тушаал, захирамж гарч нутгийн удирдлагын байгууллагын бүрэн эрхэд халдаж байгааг анхаарах хэрэгтэй шүү.
Төлөөлөгч Ү.Оюунзул
Нийслэлийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх багц төсөв орж ирж байгаа юм байна. 2023 онд 49 гаруй тэрбум төгрөг үүнд зарцуулагдана гэж ойлголоо. Нийслэлчүүд бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 120 сая мод тарих үүрэг хүлээсэн. Тиймээс энэ ажлын гүйцэтгэлд анхаарах ёстой шүү. Тарьсан модныхоо ургалтыг эргэн мэдээлж, дээрх санхүүжилт юунд зарцуулагдав гэдгийг тайлагнах хэрэгтэй. Түүнээс гадна Баянзүрх дүүрэг нийслэлд төвлөрүүлэх орлогын хэмжээг нэмж төсөвлөснөө эргэж хараасай гэж бодож байна. Мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд нэг ч сургууль, цэцэрлэггүй бөгөөд одоогоор 640 хүүхдийн сургууль, цэцэрлэг барих тендер зарласан байгаа. Гэвч төсөв дээр ердөө 400 сая төгрөг суулгаж байгаа нь хангалтгүй юм. Энэ санхүүжилтээр цэцэрлэг, сургууль барих боломжгүй шүү дээ.
Төлөөлөгч Л.Ариунтуяа
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг барих газрын асуудлыг дүүрэг өөрийн төсвөөрөө шийдсэн. Харин тус эмнэлгийн дэд бүтцийн асуудлыг нийслэл шийдэх үүргийг Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн. Энэ үүргээ биелүүлж, төсөвт зураг төсвийн зардлыг тусгаж өгөөч ээ гэсэн саналтай байна.
Төлөөлөгч Н.Батсүмбэрэл:
Төсөв хүндрэлтэй үед Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад гаднын санхүүжилт буюу Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын гэрээ байгуулсан. Улмаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг барьж өгөхөөр болсон. Дүүрэг газрын асуудлыг шийдвэрлэж, нийслэл дэд бүтцийг тавьж өгөх үүрэгтэй. Эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг сайжруулъя гэвэл эрүүл мэндийн төв, эмнэлгийг нь сайжруулах нь чухал. Гэвч нийслэлийн агентлагийн дарга нар ажлаа хийхгүй байна. Тухайлбал, НЭМГ-ын дарга ажлаа хийж, энэ асуудлын араас явах хэрэгтэй. Нийтийн ажлыг хийх гэж байгаа хүмүүс эрх ашгаа эрэмбэлж, ажлаа тайлбарлаж, таниулах нь зөв шүү.
Төлөөлөгч Б.Мягмар
Төсөв хүнд байгаа ч гэсэн зайлшгүй шийдэх тулгамдсан асуудал байгаа тул хэд хэдэн саналыг багцлаад хэлье. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд гамшгийн нөхцөлд байгаа 96 айлын асуудал бий. Нисэхийн 34, 35 дугаар байрны дахин төлөвлөлтийн зардал шийдэгдээгүйн улмаас энэ зун байшингийн дээвэр нь хийсэж унасан. Азаар хүний амь нас эрсдээгүй өнгөрсөн. Тиймээс НИТХ-ын дарга горимын санал хураалгаж, энэ дахин төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хүсмээр байна. Мөн ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай төсөв хөрөнгийг тавьж өгөхөд онцгой анхаарч өгөөрэй. Түүнээс гадна цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал хэрхэн нэмэгдэв, хоолны аюулгүй байдал, чанар хүртээмж, орцын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөх хэрэгтэй.
Төлөөлөгч Г.Гангамөрөн
Нийслэлийн 2023 оны төсвийн орлогыг хэрхэн нэмэгдүүлж, зардлаа яаж бууруулж байгаа талаарх мэдээллээ тодорхой өгөх хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай санаачилга 1.7 их наяд гаруй төгрөгийн төсөвтэй. Бид дотооддоо хүнсээ үйлдвэрлэж, аюулгүй найдвартай хүнс хэрэглье гэсэн санаачилга үүнд явж байгаа. Харин энэ санаачилгаас Улаанбаатар хот хэрхэн татан авч, ажлын байр нэмэгдүүлэх вэ гэсэн санал санаачилга байвал оруулж ирээч ээ. Мөн нийслэлийн төсөв дээр сургууль, цэцэрлэгийн төсвийг хасаж байгаагаа тайлбарлаарай. Эцэст нь том дүнтэй төсвүүдийн задаргааг бодлоготой уялдуулж дараа дараагийн төсвийн хэлэлцүүлэгт оруулж ирэх хэрэгтэй шүү.
Төлөөлөгч Ч.Раднаабазар
Нийслэлийн боловсролын газар ажлаа хийж, сургууль, цэцэрлэг барих асуудалд анхаарал тавих хэрэгтэй байна. Налайх дүүргийн сургуулийн барилгын асуудлыг энэ онд шийдэхгүй бол тэнд хүүхдүүд хордлогод орж байна шүү.
Төлөөлөгч Б.Мөнхцэцэг
2023 оны төсөвт шинээр байгуулагдсан Бодлогын судалгааны төв ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ. СХД-ийн 40, 42 дугаар хорооны барилгын төсвийг 2020 онд л ярьж эхэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Атал 2022 онд ярьж эхэлсэн өөр хорооны барилгын төсвийг ирэх онд дуусгахаар төлөвлөж байна. Энэ эрэмбийг хэн, хэрхэн хийж байгаа юм бэ гэдгийг би асуугаад байгаа юм. Эцэст нь давс, бодисны зардлыг нийслэлийн төсөвт суулгаж байна. Дүүргүүд дээр энэ зардал бий. Тийм учраас нийслэлийн төсөв дээр суусан дүнгийн задаргааг авах хүсэлтэй байна.
Төлөөлөгч П.Ганзориг
Жил бүрийн төсвийг батлахдаа Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулдаггүй. Нийслэлийн төсөв жил бүр өсөж байгаа бөгөөд энэ жил 1.7 их наядын төсвийг бид хэлэлцэж байна. Гэтэл урсгал зардлаа өсгөөд байгаа учраас нийслэлийн өмнө тулгамдсан асуудлаа шийдвэрлэж, хөрөнгө оруулалт хийх хөрөнгө байдаггүй. Тухайлбал, нийтийн тээврийн асуудлыг би сүүлийн 2 жил ярьж байна. Долоон жилийн турш 1 их наяд төгрөгийн татаас, хөнгөлөлтийг энэ салбарт өгсөн ч асуудал шийдэгдээгүй. Тиймээс тогтолцоогоор нь шинэчилж, асуудлаа сууриар нь харах цаг болсон. Тиймээс төсөв боловсруулж байгаа хүмүүс үүнд анхаарч ажиллах хэрэгтэй шүү. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, зарим асуудлаа шийдэх боломжтой юм.
Төлөөлөгч Б.Өнөбат:
Манайхан түгжрэлийг ганцхан нийтийн тээврийн асуудлаар харж байна. Зөвхөн өнөөдөр гэхэд хичээл, сургууль цахимаар ороход замын ачаалал эрс буурч байна. Тийм болохоор сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг тойрогт нь нэмэгдүүлэх ёстой юм байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Нийслэлийн боловсролын газар ажлаа сайн хийж, сургууль цэцэрлэг барихаар төсөвлөсөн мөнгийг нь ажил хэрэг болгох хэрэгтэй. Төлөөлөгчид төсөв тавиулж, батлуулж өгчихөөд, сургууль цэцэрлэг барих газраа хайдаг ажилтай болсон. Тиймээс Нийслэлийн боловсролын газар энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.
Төлөөлөгч Б.Сүхбаатар
Шар хад дэд төв дээр ямар төсөв тавьсан бэ гэдэг тодорхой мэдээлэл өгөөч ээ. Бид дүүрэг, нийслэл, улсын төсөвт тодорхой хөрөнгө тавиулж байж замын ажлыг явуулж байна. Тиймээс нийслэлийн төсөвт зураг төсвийн хөрөнгийг тодорхой хэмжээнд тавих шаардлагатай.
Төлөөлөгч Д.Гантулга
Нийслэл өөрөө байтугай Монгол Улс нүүрс зараад ашгаа олж чадахгүй, хулгайд алдаж байна. Гэтэл нийслэл хот нүүрс зарж орлого олоод, бүтээн байгуулалт хийнэ гэдэг төсөв танилцуулж байгаа нь бүтэхгүй. Түүнээс гадна явган болон дугуйн замын төлөвлөгөөнд манай намын бүлгээс саналаа хүргүүлсэн. Энэ санал маань орсон уу?, ороогүй бол нэмж тусгаарай. Мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд цэцэрлэг барихаар болсон. Гэтэл төсөв дээр 2 газрын асуудал явж байна. Энэ хоёр газрын асуудлыг нийлүүлэх саналтай байна.
Төлөөлөгч Д.Ихбаяр
Төсөв хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ дахин төлөвлөлтийн асуудал дээр санал хэлмээр байна. Дахин төлөвлөж байгаа барилгуудаас иргэдийг нь гаргачихсан ч дэд бүтцийн асуудлыг шийдээгүй. Зөвхөн манай тойргоос гадна Улаанбаатар хотын хэмжээнд ийм асуудал бий. Мөн хороод болон дүүргийн ИТХ-аас сургууль, цэцэрлэгийн асуудлаар маш их санал ирж байна. Томоохон орц, гарцын түгжрэл орон сууцны том хорооллуудтай шууд холбоотой. Тиймээс том хотхонуудын сургууль, цэцэрлэгийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй.
Төлөөлөгч Л.Отгонбаатар
Том төсөвтэй арга хэмжээнүүдийн задаргааг авах хүсэлтэй байна. Тухайлбал, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгжийн задаргааг авъя.
Төлөөлөгч П.Наранбаяр
“Шинээр байгуулсан бол тэр тоо хэмжээгээр хорогдуул” гэдэг зарчим төрийн захиргаанд байдаг. Тиймээс чиг үүргийн шинжилгээ хийж цөөрүүлж, татан буулгах агентлаг, аж ахуйн тооцоот газруудын жагсаалтыг төсөв батлахаас өмнө оруулж ирэх хэрэгтэй байна. Нийслэлийн боловсролын газарт очиж уулзаж байхад маш аятайхан бодлого ярьж байсан ч түүнийгээ ажил хэрэг болгож байна уу. Тухайлбал, багш нарыг сэлгэж ажиллуулахтай холбоотой. Мөн нийслэлийн хичээлийн сургалтын асуудлыг шинэчилж, роботын сургалтыг бий болгох цаг болсон. Тэгж байж инженерүүдээ бэлдэнэ шүү. Төлөөлөгчдийн хэлж байгаачлан сэтгэл дутаж байгаа шүү.
Төлөөлөгч Ц.Төрхүү
Бидний хэлэлцэж байгаа төсөвт эрэмбэ, ач холбогдол гэдэг зүйл алга. Төрийн албанд ч гэсэн ингэж зарчимтай хандах хэрэгтэй. Жишээлбэл, сургууль цэцэрлэг яриад байдаг. Гэтэл дэд бүтцийн асуудлыг нь ярихгүй бол ямар ч нэмэргүй шүү дээ. Тиймээс дэс дараалал, ач холбогдлыг нь эхэлж харах хэрэгтэй байна. Төсвийн дараа дараагийн хэлэлцүүлэг дээр энэ асуудлаа засаж оруулж ирэх хэрэгтэй шүү.
Ийнхүү хэлэлцсэний эцэст нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ дахь намыг бүлэг, хороодоор хэлэлцүүлэхээр шилжүүллээ.