Засгийн газрын өчигдрийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулга хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19 хувиас 13 хувь хүртэл бууруулж, өндөр дүнтэй урьдчилгаа төлсөн худалдан авагчтай хэлцэл хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсны үр дүнд тогтоол гарснаас хойш 2022.12.05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс борлуулсан.
Үүнээс зөвхөн 11 дүгээр сард 205.5 сая ам.долларын үнэлгээтэй 2.3 сая тн нүүрс борлуулж, 1.5 сая тонн нүүрс экспортолсон байна.
Нийт борлуулалтаас нүүрсээр төлбөрийг барагдуулах нөхцөлтэй гэрээний дагуу 51.1 сая ам.доллар, өндөр дүнтэй урьдчилгаа авсан гэрээний дагуу 185.8 сая ам.долларыг нүүрсээр барагдуулж, 143.8 сая ам.долларыг Монголбанканд тушаагаад байна.
Ингэснээр санхүүгийн үзүүлэлтийг сайжруулан, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 603 сая ам.долларын өр төлбөрийг 418 сая ам.доллар хүртэл бууруулаад байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажлын хэсгээс 11 дүгээр сарын 14-ны өдөр Тагнуулын Ерөнхий газарт нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгох асуудлаар дүгнэлтээ хүргүүлсэн. Тагнуулын Ерөнхий газар ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу нууцын зэрэглэлтэй гэрээг хуулийн хүрээнд ил болгохыг дэмжсэн хариуг 11 дүгээр сарын 22-нд ирүүлсэн. Үүний дагуу ЗГХЭГ-т нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгох хүсэлт тавьж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дэмжлээ. Гэхдээ гэрээний нөгөө тал болох БНХАУ-ын талд Гадаад харилцааны яамаар дамжуулан нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгох хүсэлт хүргүүлж, БНХАУ-ын талаас хариу авахаар тохирсон байна.
Богинын тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлж экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2022 оны 10 дугаар сарын эхээр 53.5 мянган тонн хүртэл буураад байсан экспортыг 110.9 мянган тоннд хүргэн 2 дахин, өдрийн ачилтын хэмжээ 19.8 мянган тонн, 202 тээврийн хэрэгсэл хүртэл буураад байсныг өдөрт дунджаар 75.4 мянган тонн, 721 тээврийн хэрэгсэл хүртэл нэмэгдүүлэн 3.8 дахин өсгөж, нэг өдөрт хамгийн ихдээ 1028 тээврийн хэрэгслээр 100.8 тонн нүүрс ачуулсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ил тод байдлыг хангах, олон нийт хяналт тавих нөхцөл бүрдүүлэх зорилгоор нүүрс борлуулалтын 142 гэрээ, уурхайн ачилтын үзүүлэлт, олборлолтын гэрээнүүдийг нээлттэй болгосон тухай мэдээлэв.
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгууллаа. Засгийн газрын Ажлын хэсэг нь холбогдох яам, агентлагуудаас шаардлагатай мэдээлэл, материалуудыг яаралтай гаргах, агентлаг хоорондын уялдааг хангах, Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх, БНХАУ-аас шаардлагатай мэдээллүүд гаргах чиг үүрэгтэй ажиллах юм байна.