2022 оны арванхоёрдугаар сарын 13. Монголбанк БНСУ-ын “КТ групп” хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Дотоодын ₮ картаар БНСУ-д төлбөр тооцоо хийх боломж бүрдэнэ

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр дотоодын банкууд, финтек компаниуд болон төлбөрийн системийн оролцогч бүх талтай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд манай улсын төлбөр тооцооны систем олон улсын жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр ярих боломж бүрдсэн. Энэ хүрээнд арилжааны банкууд EMV/NFC технологи бүхий зайнаас уншуулах үндэсний брэнд ₮ карт гаргаснаар манай улсын иргэд нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан картаар төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Дотоодын ₮ картын хэрэглээг нэмэгдүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарцыг бий болгох ажлын хүрээнд Монголбанк болон БНСУ-ын КТ группийн охин компани болох “BC Card” компанийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр дотоодын ₮ картаар БНСУ-д, “ВС card” компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо харилцан гүйцэтгэх боломж бүрдэнэ.

БНСУ-ын харилцаа холбооны томоохон операторын нэг болох КТ группийн охин “BC Card” компани нь 1983 онд үүсгэн байгуулагдсан ба БНСУ-ын анхны төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч компаниудын нэг юм. Одоогийн байдлаар 30 сая орчим карт гаргаж, 3.2 сая байгууллагын гүйлгээг хүлээн авч, жилд 5 тэрбум гүйлгээг дамжуулж байгаа үзүүлэлт нь судалгаагаар (Nilson Report, 2020) Ази-Номхон далайн бүсийн хамгийн том карт хүлээн авагчаар нэрлэгдэж байна. 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …