МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформ хамтран ноолуурын үйлдвэрүүдтэй танилцах аяллыг зохион байгууллаа.
Тус аялалд Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Гучин гурвын түүчээ” малчдын хоршоо, “Мөнхбумууд” ХХК, “Говь-эрдэнэ кашмер” ХХК, “Говь” ХК, “Бүүвэй кашмер” ХХК, “Маам-кашмер” ХХК, “Файнноос” ХХК, “Ханбогд кашмер” ХХК, “Гурван” сор ХХК зэрэг ноос, ноолуурын салбарын 18 компанийн 40 гаруй төлөөлөл оролцов.
“Сор кашмер” ХХК жилдээ 500-700 тонн ноолуур боловсруулах хүчин чадалтай. Түүхий ноолуураас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл хялгас ялгах, ээрэх, сүлжих зэрэг бүх шатны үйлдвэрлэл явуулдаг. Сард 3000 эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 90 хувийг экспортод гаргахын зэрэгцээ 60 гаруй өнгийн ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон 50 тонн утас үйлдвэрлэж бусад үйлдвэрүүдэд нийлүүлж байна.
“Монгол Нэхмэл” ХК ноос боловсруулах үйлдвэрийн нэхэх цехээс үйлдвэрлэлээ эхэлж, ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээ, хонины ноосоор утас болон нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жилд 100 тонн ээрмэл утас үйлдвэрлэж, үндэсний сүлжмэлийн үйлдвэрүүдийг сайн чанарын утсаар тасралтгүй хангахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ БНСУ, Европын холбооны улсууд руу экспортолдог.
“Гоёл кашмер” ХХК ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Жилдээ 24 орчим нэр төрлийн 200 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Нийт борлуулалтын нь 40 гаруй хувийг гадаад борлуулалт эзэлж байгаа бөгөөд БНСУ, Япон, БНХАУ, Европын холбооны улсууд руу экспорт хийж байна.
Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40 гаруй хувь, ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн 10 гаруй хувийг Монгол Улс нийлүүлдэг. Ноолуурын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын хэмжээг өсгөх нь чухал.
Ноос ноолуурын салбарынхны хувьд хамтын ажиллагааг өргөжүүлэх, кластераар хөгжих, мэргэжилтэй ажиллах хүчийг бэлтгэх зэрэг асуудлууд тулгамдаж байгааг танилцах аяллын үеэр хэлж байв. Түүнчлэн, Засгийн газраас 2023 оноос эхлэн самнасан ноолуур экспортлохоор шийдвэрлэсэн нь дотооддоо нэмүү өртөг шингээх боломжийг нэмэгдүүлсэн алхам гэдгийг тодотгоод, тус шийдвэртэй холбоотойгоор ноолуурын салбарынхан анхан шатны үйлдвэрүүдээ өргөжүүлж байгаа талаараа танилцууллаа.
МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлөөс салбарын бодлогыг боловсруулах, хүний нөөц, өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний хөгжүүлэлт хариуцсан ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна.