Баруун-Уртын Дулааны станц ашиглалтад орлоо

DSC_0103БНСУ-ын буцалтгүй тусламж, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Койка/-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, нийтдээ 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Дулааны цахилгаан станцыг ашиглалтад хүлээж авах ёслол боллоо.

Анх 2010 оны зургадугаар сард эхэлсэн “Баруун-Урт хотын дулаан болон халуун ус дамжуулах системийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан энэ Дулааны станц нь Баруун-Урт хотын оршин суугчдыг байнгын найдвартай дулааны эрчим хүчээр хангаснаар амьдралын нөхцөлийг сайжруулах зорилготой юм. Дулааны станцыг барихдаа БНСУ-ын орчин үеийн дэвшилтэд технологийн халаалтын системийг нэвтрүүлснээр уг системд зарцуулагдаж байгаа цахилгааны хэрэглээний өсөлтийг нарны эрчим хүч хэрэглэх замаар бууруулахаар тооцжээ. Шинээр баригдсан энэ станцад ажиллах монголын инженер, техникийн ажилтнуудыг БНСУ-ын талаас автомат удирдлага бүхий халаалтын системийн талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад бүрэн хамруулжээ.

Дулааны станцыг хүлээн авах ёслолыг нээж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ “Шинэчлэлийн засгийн газраас бүх аймгийн төвийг дулааны найдвартай эх үүсвэрээр хангах зорилт тавьсан билээ. Энэ хүрээнд хамгийн анхны Дулааны станцыг БНСУ-ын буцалтгүй тусламжаар,  Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод баригдаж ашиглалтад оруулж байна. Ингэснээр Баруун-Урт хотын оршин суугчид дулаан болон халуун усаар найдвартай хангагдах нөхцөл бүрдэж байна. Ирэх жил шинээр 8 аймгийн төвд Дулааны станц барих ажлыг эхлүүлэхээр шийдвэрлээд байна” гэв.

Дараа нь Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь хэлэхдээ “Өнөөдөр бид түүхэн бүтээн байгуулалтын гэрч болж энд хуран цуглаад байна. Сүхбаатар аймагт маань орчин үеийн Дулааны станц баригдаж ашиглалтад орж байгаа нь аймаг орон нутгийн хөгжлийг түргэтгэх, ард иргэдийн ая тухтай байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Саяхан Монгол Улсын Засгийн газраас ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг 5 аймгийг шалгаруулахад манай Сүхбаатар аймаг орсон нь бид бүхний бахархалыг төрүүлж байна. Сүхбаатар аймаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Анх энэ станцыг барьж байгуулахаар судалгаа хийж байхад 2013 он гэхэд 15 МВт дулааны эрчим хүч хэрэгтэй гэж тооцож байсан. Гэтэл дулааны станц маань баригдаад ашиглалтад орж байгаа энэ үед бидний тооцсоноос даруй 2 дахин илүү хэрэглээний өсөлт гараад байна. Иймд энэ өсөлтийг хангахын тулд цаашид Солонгосын талтайгаа хамтран ажиллах болно” гэв.

Дулааны станцыг хүлээн авах ёслолд Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Койка/-ийн Суурин төлөөлөгчийн газрын дарга Чой Хын Ёл, Солонгосын Дулааны шугам сүлжээ корпорацийн төслийн удирдагч Жон Ён Чол нар үг хэллээ.

Ёслолын үеэр Баруун-Уртын Дулааны станцыг ашиглалтад оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага хамт олон, хүмүүсийг шагнаж урамшуулав. ЭХЯ-ны Хүндэт жуух бичгээр Койкагийн Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга О Гю Чол, төслийн зөвлөх, Солонгосын Дулааны шугам сүлжээ корпорацийн төслийн ерөнхий инженер Ким Бун Гюн, төслийн ерөнхий гүйцэтгэгч “Тэсон глобал нетворк” компаний талбайн даамал Жон Ин Шиг нарыг, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Баруун-Уртын Дулааны станцын кассын нярав С.Уламбаяр, диспетчер Л.Ганболд, машинист Г.Ганбат нарыг тус тус шагнасныг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт гардуулж баяр хүргэлээ.

Койкагийн Суурин төлөөлөгчийн газрын дарга Чой Хын Ёл Дулааны станцыг хүлээн авах ёслолтой холбогдуулан тус станцын хамт олонд дурсгалын түлхүүр, мөн өөрөө ачиж буулгагч Ковш машиныг гардуулж, амжилт хүслээ.

Нутаг орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Баруун-Уртын Дулааны станцын барьж ашиглалтад оруулахад ЭХЯ-ны хамт олныг амжилттай удирдаж ажилласан ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтыг “Сүхбаатар аймгийн Хүндэт иргэн” цолоор өргөмжилсныг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь гардуулж баяр хүргэлээ. Дараа нь Дулааны станцыг нээж тууз хайчлах ёслол боллоо. Ёслолд нэр дурдагдсан эрхэмүүдээс гадна Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал, ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Баруун-Уртын Дулааны станцын дарга Ц.Алтансүх нар оролцож тууз хайчлав.

Ийнхүү шинэ бүтээн байгуулалтын үлгэр жишээ болсон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот байнгын найдвартай дулаан, халуун усаар хангагдахаар боллоо.

DSC_0018

DSC_0105 DSC_0109

DSC_0017 DSC_0012Г.Энх

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …