Монгол улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.
Энэ оны нэгдүгээр сард Засгийн газар, Ерөнхий сайд Хөгжлийн банкны өрийг төлөхгүй байгаа хүмүүсийг зарлана гэж мэдэгдсэн. Энэ хугацаанд хэр хэмжээний өр төлөгдсөн бэ? Тухайн үед хэр хэмжээний өр байсан нь одоо хэд болж буураад байна вэ?
-Болсон процессыг эхлээд танилцуулахад, өнгөрсөн жилийн эцсээр нийт зээлийн 55 хувь нь чанаргүй боллоо гээд Монголбанкнаас хийсэн шалгалтын дүнгээр тогтоогдсон. Ерөнхий сайдын чиглэлээр үүнийг бүх аргаар төлүүл, үүн дээр хууль хяналтын байгууллагуудын дэмжлэгийг авъя, зохион байгуулалтыг засгаас манлайлж оролцож хийж өгье гэсэн чиглэл өгсний дагуу 2022 оны 1-р сарын 20-нд Хөгжлийн банкны бүх зээлдэгчдийн мэдээллийг ил тод болгосон. Үүний тулд банкин дээр бид зохион байгуулалтын ажлыг хийх ёстой болсон. Жишээ нь, байгууллагын хувьд зээлийн мэдээллийг нууц байсныг ил тод болгох журам баталснаар ил тод болгосон.
-Өнөөдрийн оптейк гэрээ шиг танай зээлүүд байгууллагын нууцад байжээ дээ?
-Бид ирэх жил гадаад талдаа бондууд төлөх ёстой. Хэрвээ түүнийгээ төлж чадахгүй бол засгийг дефолтод оруулах эрсдэл байлаа. Тэр болтол 22 сарын хугацаа бидэнд байсан. Одоогийн байдлаар 11 сарын хугацаа өнгөрөөд, талдаа ороод явж байна. 1.8 их наядын чанаргүй зээл байснаас одоо 805 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна. Он дуустал зээлийн эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэх зорилготой ажиллаж байна. “Самурай” бондын эргэн төлөлт буюу 30 тэрбум иенийг бид Монгол банкны тусгай дансанд байршуулаад, тус бондын эргэн төлөлтийг хийх чадамжтай болоод байна.