С.Чинзориг: Нохойд хазуулсан есөн иргэнд сүрьеэгийн вакцин хийж мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ сарын 6-ний өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Уг хурлаар Сүхбаатар аймагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-26-нд нохойд хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан 8-56 насны есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг хийсэн ноцтой хэргийн тухай мэдээлэл өгч, авч буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн сайдаар томилогдоод анхныхаа мэдээллийг таатай биш үйл явдлын талаар хүргэж байгаадаа хүлцэл өчье. Нэгдүгээр сарын 5-ны орой сайдын албаа хүлээн авч яамны удирдлагуудтай уулзахад өдөр 13:00 цагт ЭМЯ-нд Сүхбаатар аймагт нохойд хазуулсан нэр бүхий есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн вакцин тарьсан талаарх мэдээлэл ирснийг дуулгасан.

Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 5-26-ны хооронд есөн хүн долоон нохойд хазуулсан. Нохойд хазуулсан хүнд галзуугийн эсрэг вакциныг гурван удаа тарих эрүүл мэндийн зааварчилгаатай.Гэтэл нохойд хазуулсан гэх есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн вакцин хийж мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна.

Эдгээр иргэдийн гуравт нь гурван удаагийн хатгалтаар сүрьеэгийн эсрэг вакциныг тарьсан нь нэг хүнд хийх ёстой тун хэмжээг 30 дахин, дөрвөн иргэнд хоёр удаа хийхдээ 20 дахин өсгөсөн тунгаар, нэг удаа тариулсан иргэнд хийвэл зохих тунг 10 дахин өсгөсөн хэмжээгээр хийсэн байна.

Иргэдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлэхүйц хэрэг гарсанд харамсаж ард түмнээсээ уучлал хүсэж байна” гээд уг асуудлаар ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр мөн Сүхбаатар аймгийн Засаг даргатай утсаар холбогдож, ЭМГ-ын дарга болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэн ажлаас нь яаралтай чөлөөлөх чиглэл өгч, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан холбогдох албан тушаалтнуудыг  шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан байна.

Сайдын мэдээллийн дараа ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Нарангэрэл “Одоогийн байдлаар найман иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулаад байна. Эдгээрээс нэг хүн уушгины доод хэсэгт нэвчдэс сүүдэртэй байна гэх шалтгаанаар дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Тухайн иргэдийг Улаанбаатар хотод авчирч, шаардлагатай оношилгоо шинжилгээг хийж, эмчилгээнд хамруулах боломжтой бөгөөд одоогоор биеийн байдал нэн хүнд гэсэн оноштой хүн байхгүй. Найман иргэнд вакцин тарьсан хэсэг газарт хавдах, улайх зэрэг хэсэг газрын урвал илэрсэн бол нэг иргэнд буглаа үүсч,  мэс ажилбар хийлгэсэн. Хоёр хүүхдийн биеийн ерөнхий үзүүлэлт хэвийн байна” гэв.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг Энэтхэг улсын Серум институтэд үйлдвэрлэсэн сүрьеэгийн амьд сулруулсан вакцин байна. Тус вакциныг хэрэглэхдээ нэгээс доош насныханд арьсан дор 0,05 мл, нэгээс дээш насны хүүхдүүдэд 0,1 мл-ээр нэг удаа тарьж дархлаажуулдаг.

Энэ удаагийн тохиолдолд гурван иргэнд гурван удаагийн тун, дөрвөн иргэнд хоёр удаагийн, хоёр иргэнд нэг удаагийн тун буюу нийт есөн иргэн 19 удаагийн хатгалтаар БЦЖ вакцин тариулсан. Эмнэлзүйн шинж тэмдгийг тандаж байна. Нохойд хазуулсан хүнд галзуугийн вакциныг 3-6 удаагийн давтамжтай тарих журамтай” гэсэн мэдээллийг өгсөн.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …