Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын уулзалт зөвлөгөөнд оролцлоо.
Тэрбээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг 2023 онд хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг, даалгавар өгч, улс, орон нутгийн цаг үеийн бусад асуудлыг танилцууллаа.
Төсвийн орлогоо бие даан бүрдүүлж буй Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгийн удирдлагуудад Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлж Засгийн газрын өргөмжлөл гардуулав.
Өнөөдрийн байдлаар эдгээр аймгаас бусад нь улсын төсвөөс татаас авч байгаа бөгөөд цаашдаа аймаг бүр өөрсдөө төсвөө бүрдүүлж, орон нутгийн эрх мэдлээ нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ.
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, тулгарч буй хүндрэлээс гадна өнгөрсөн он бүхэлдээ цар тахлын дараах, олон улсын геополитикийн зөрчлөөс үүдэлтэй эдийн засгийн хямралыг тогтворжуулахад чиглэсэн гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ онцлов.
Цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг 2022 онд дөрвөн хувь болж сэргэсэн. 2022 оны Монгол Улсын төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгөөр сайжирсан. Цар тахлын оргил үед 14.5 хувиар тасарч байсан улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Экспортын дүнгийн хувьд урьд өмнө нь хүрч байгаагүй буюу 12.5 тэрбум ам.долларын экспорт хийсэн.
Монгол Улсын валютын нөөц 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 2.8 тэрбум ам.доллар болж буураад байсан бол “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 500 сая ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болж, валютын ханш тогтворжоод байгаа зэргийг танилцууллаа.
Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарч, чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, Монгол Улс “Чингис” бондын нийт хоёр тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, ирэх онд “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлж барагдуулах боломжтой болоод байна.
Цаашдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж буй тайланг аймаг, нийслэлийн удирдлагуудаас авч аудитын шинэ аргачлалаар дүгнэж байхаар болжээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зорилгуудын нэг бол аймаг бүр төсвөө бие даан бүрдүүлэх боломжийг бий болгох. Энэ хүрээнд орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх учиртай. Аймгуудын шинэ санаачилгыг дэмжинэ.
Орон нутаг руу чиглэх иргэдийн идэвхийг бий болгож, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулж, хот хөдөөгийн зохист тэнцвэрийг хангахад чиглэсэн саналаа боловсруулж ирүүлэх хэрэгтэй гэлээ.
Засгийн газраас иргэдийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна.
Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж байгааг хэллээ. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд илүү санаачилгатай ажиллахыг үүрэг болгов.
Мөн 2023 онд Үндсэн хуулийн 30 жилийг дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлж, тогтолцооны реформ хийх үндэсний зөвшилцлийг ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Энэ хүрээнд зөвлөлдөх болон ард нийтийн санал асуулга явагдана. Аймаг, нийслэлийн удирдлагууд үүний бэлтгэл ажлыг орон нутагт хангаж, иргэдтэй уулзаж, тогтолцоотой холбоотой асуудлууд, жишээлбэл, орон нутгийн харьяанд байгаа Дархан, Эрдэнэт зэрэг хотыг улсын чанартай хот болгох боломж шаардлага зэрэг асуудалд төвлөрч ажиллах шаардлагатайг анхааруулав.
Бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгаж, ажлын бүтээмж, гүйцэтгэлд тулгуурласан хариуцлагын үнэлгээний тогтолцоог Засгийн газраас нэвтрүүлж ажиллана. Тиймээс аймаг, нийслэлийн Засаг даргын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайд баримтлахаа илэрхийллээ.