Б.Эрдэнэбат:Хөгжлийн Банкнаас 14 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 22 тэрбум төгрөгийн зээл авсан нь үнэн

Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд  үргэлжилж байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.

Үүнд:

1.   Империал гоулд майнинг ХХК

2.    Шарын гол ХХК

3.    Эрд хул ХХК

4.    Эрэл ХХК

5.    Вестерн холд ХХК

6.    Ачлал трейд ХХК

7.    Бармон ХХК

8.    Болор шүр ХХК

9.    Эгийн голын усан цахилгаан ТӨХК

10. Дэд бүтэц инженеринг ХХК

11. Модун ХХК

12. Монгема ХХК

13. Нью хаппи ХХК

14. Форс голд майнинг ХХК

15. Моннис майнинг ХХК

Нотлох баримтын шинжлэн судлах сонсголд Эрэл ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат гэрчээр оролцож, түр хорооны гишүүдийн асуултад хариулав.

Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Зээлээр авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг шинжээч хэллээ. Үүн дээр тайлбар өгнө үү?

Эрэл ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат:Дансны хуулганы энэ асуудалд 2019 оны нэгдүгээр сарын 8-нд Үндэсний аудитын газраас шалгалт хийсэн. Шалгалтын дүнд Байшин үйлдвэр комбинатын мөнгийг зориулалтын дагуу ашиглажээ гэж тэмдэглэсэн. Үүнийг баталж, Үндэсний аудитын газраас н.Баатархуяг, Хөгжлийн Банкийг төлөөлж н.Билгүүн, “Эрэл”-ийг төлөөлж миний бие гарын үсэг зурсан байгаа.

Мөн 2016 оноос эхлэн намайг АТГ-аас яагаад бэлнээр мөнгө авсан, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн. Улмаар 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр прокурорын 346 дугаар тогтоолоор уг зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу хэрэглэсэн болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Зээлийн санхүүжилтээс 1.4 сая ам.доллар миний гарын үсэгтэй зарлага гарсан хэргийг мөн Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хэрэгсэхгүй болгосон юм.

Анх зээл авахдаа барьцаа хөрөнгө хангагдаагүй гэж ярьж байна. Би тухайн үед 22 тэрбумын зээл авахын тулд 83 тэрбумын барьцаа тавьсан шүү дээ. Зээл авсны дараа авсан бүх хөрөнгө, тоног төхөөрөмжөө нэмж барьцаалсан. Байшин үйлдвэрлэл комбинатын хуучин болон шинэ үйлдвэрийг ч нэмж барьцаалсан. Үл хөдлөхийн зургаан үйлдвэрүүдээ барьцаалсан.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Шинжээчийн дүгнэлтэд “Эрэл” ХХК гурван удаагийн зээлийн төлөх ёстой дүн, алдангийн дүн 203 тэрбум төгрөг болсон байна. Үүнийг яагаад төлөөгүй вэ?

Эрэл ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат: Эрэл ХХК-ийг Чингис бонд, Хөгжлийн Банкны эх үүсвэрээс 36 сая ам.доллар авсан гэж олон жил гүтгэлээ. Хөгжлийн Банкнаас 14 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 22 тэрбум төгрөгийн зээл авсан нь үнэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр олон улсаас мөн адил 22 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, үүнийг Хөгжлийн Банкаар дамжуулан зээлдэж авсан.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн Банкнаас болон дамжуулан зээлдэж авсан мөнгө нийтдээ 36 сая ам.доллар болсон. Тухайн үед долларын үнэ 1,300 төгрөг байсан бөгөөд 70 тэрбум төгрөгийг авсан гэсэн үг. Харин энэ мөнгө долларын одоогийн ханшаар 200 тэрбум төгрөг болоод байгаа юм.

Би 2015 оны тавдугаар сарын 9-ний өдөр хүртэл хуваарийн дагуу зээлээ төлсөн. Харин Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 9-ний өдөр баталсан 254 дүгээр тогтоол хэрэгжээгүй учраас үргэлжлүүлэн төлж чадаагүй.

 Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

Та мөрийтэй тоглоом тоглодог уу?

Эрэл ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат: Үгүй. Би өчигдөр харсан л даа. Та өөрөө бүх хүнийг буруутгах гэж үзэж байна. Нотлох баримт ярьж буй нэртэй хүнийн хувийн мэдээлэлд халдаж байна. Тийм асуулт асууж байна шүү дээ. 

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …