Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа Улаанбаатар зочид буудалд боллоо.
Ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгуулагддаг уламжлалтай. Гэхдээ 2022 оны тухайд хөлбөмбөгийн ДАШТ яг энэ үеэр давхцаж байсан тул монгол тооллоороо бар жилийн төгсгөлд зохион байгуулсан юм.
Энэ жил Монголын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ хамгийн олон буюу 46 тэмцээн, 1933 тоглолт зохион байгуулсныг холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар нээлтийн үеэр онцлов.
Нийт найман номинациар шилдгүүдийг тодруулсан бөгөөд хамгийн оргил шагнал болох оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчөөр үндэсний шигшээ баг болон Словакийн хоёрдугаар лигийн “Комарно” клубийн довтлогч Г.Ганбаяр шалгарлаа.