МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ оны 1-р улиралд багтаан шинэчлэн тогтоохыг шаардаж байна

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр /2023.02.28/ хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баялгийг шударга хуваарилах асуудлаар УИХ, Засгийн Газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.


МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монгол Улсад хөдөлмөрийн үнэлэмж асар бага байна. Сүүлийн жилүүдэд 450 орчим долларт эргэлдэж байна. Үүнээс болж иргэдийн эх орондоо ажил хөдөлмөр хийх сонирхол улам багасаж байна.

Тиймээс Монгол Улс хөдөлмөрийн үнэлэмждээ эрс шинэчлэлт хийхийг МҮЭХ-ноос шаардаж байна. Өнөөдөр өрхийн дундаж орлого 1,090,000 байна. Гэтэл инфляц 13 хувьтай байна. Бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдаж авна гэдэг нь мөрөөдөл болж байна. 50 сая төгрөгийг олон жил цуглуулсан залуу байрны үнэ улам нэмэгдсэн талаар ярьж байна.

Тиймээс Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцанд хамруулахад анхаараач гэж хүсье.

Хоёрт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуравдугаар сарын 30-ны дотор дахин шинэчлэх ёстой. МҮЭХ-ноос энэ саналаа Засгийн газарт хүргүүлж байна.

Өнөөдөр Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн нэг цагийн үнэлэмж 95 цент байна. Гэтэл Өмнөд Солонгос нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж 7.7 доллар байна. Үүнийг дагаж Монгол Улсын ажиллах хүч гадаад руу урсаж, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ.

Үүнд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байна. Төрийн албанаас эхлээд бүх түвшинд ажиллах хүчний хомсдолд орсон байна. Хавтгайрсан халамжтай холбоотойгоор ажил хийх хүн олдохгүй байна гэж ярьдаг. Гэхдээ бодит байдал дээр тийм биш. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний үнэлэмж хэт бага байгаа нь ажил хөдөлмөр эрхлэх урам зориг, эрмэлзэл өгөхгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 төгрөг болсон. Гэтэл таван ам бүлтэй айл сарын 1.6 сая төгрөгийн орлоготой байж наад захын хэрэгцээгээ хангаж байна шүү дээ.

Сүүлд төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн байна. Гэхдээ маш ялгавартай нэмсэн байна. Жишээ нь, ТЗ-15 дээр байдаг дарга нарын цалин 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэж байхад  цэцэрлэгийн асрагч, үйлчлэгч, тогооч, хамгаалагч нарын цалин 20-40 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Төрийн албан хаагчдын цалинг ингэж 4-5 дахин ялгаатай нэмэх нь өөрөө ялгаварлан гадуурхалт болно. Тиймээс Ерөнхий зөвлөлийн хурлаар энэ асуудлыг дахин авч хэлэлцэнэ. Хэрвээ авч хэлэлцэхгүй бол тэмцлийн дараагийн арга хэмжээг авна”гэдгийг мэдэгдлээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа: Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон. Шинэ эмнэлэг, шилдэг технологиуд нэвтрүүлж байгаа ч тэнд ажиллах боловсон хүчингүй боллоо. Тиймээс төр засгаас үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг сануулж байна. Өнөөдөр эмч бэлтгэж байгаа сургалтын чанар, хүртээмж муу. Хоёрт, хөдөлмөрийн үнэлэмж нь хэт доогуур байгаа учраас энэ салбарт ажиллах хүнгүй болж байна. Тиймээс суурь цалинг яаралтай нэмэхийг шаардана.

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНООС УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ  ТАВЬЖ БУЙ ШААРДЛАГА

1.Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шамшигдуулан хууль бусаар захиран зарцуулсан зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх замаар хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн, Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийж иргэд, хөдөлмөрчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах.

2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан шинэчлэн тогтоох.

3.Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөдлийг хязгаарлах зорилгоор “Үнэ тарифын зөвлөл”-ийг нийгмийн түншлэгч талуудын оролцоотойгоор байгуулж, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үндэсний хэмжээнд боловсруулан хэрэгжүүлэх.

4.Хамтын гэрээ, хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, бүх түвшинд ҮЭ-үүд санаачилга гарган шинэ нийгмийн гэрээ хэлэлцээрийг байгуулж, эрх зүйн чадамжийг сайжруулах.

5.Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахуйц нөхцөл байдлыг бүрдүүлж буй гадаад өрийн асуудалд олон улсын хөндлөнгийн шинжээчдээр дүн шинжилгээ хийлгэж,  гаргасан дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн шуурхай арга хэмжээ авч ажиллах.

6.Эрдэнэс таван толгой ХК-ийн 1072 хувьцааны 2021, 2022 оны ногдол ашгийг 2023 оны ТАВДУГААР сарын 01-ний өдрийн дотор нөхөж олгох.

7.Олон давхаргат тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох, суурь тэтгэврийг улсын төсвөөс санхүүжүүлэх.

8.Тэтгэврийг өвлүүлэх тогтолцоог бий болгож, 70 хувиас доошгүй хэсгийг өв залгамжлагчид өвлүүлэхээр тусгах.

9.Тэтгэврийн насыг одоогийн байгаа түвшинд хэвээр хадгалах, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын  тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, хөдөлмөрийн хүнд нөхцөлийн тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болгох.

10.  Тэтгэвэр тогтоолгох цалин хөлсийг дараалсан 5 жилийн дунджаар тооцон бодох, зохицуулалт хийх.

11. Тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр индексжүүлэн нэмэгдүүлэх.

12. Хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах нөхцөлийн талаарх одоогийн хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалах


Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …