Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой гуравдугаар сарын 6-ний өдөр тохионо. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс ойн хүрээнд Сэтгүүл зүйн форум, Хэвлэлийн мэдээллийн байгууллагын дунд спортын тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
Өнөөдөр /2023.03.04/ Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жил, “Ган зам” сонины 65 жилийн ойг тохиолдуулан Хэвлэл, мэдээллийн байгууллагын дунд зохион байгуулж буй спортын тэмцээн эхэллээ.
Тэмцээнийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нээж баг тамирчдад амжилт хүсэв.
Cпортын тэмцээнд МСНЭ-ийн Дорнод, Төв аймгийн салбар зөвлөлийн багууд, Eagle телевиз, Ган зам сонин, SBN телевиз, MN25 телевиз, МҮОНРТ, С1 телевиз, TV5 телевиз, Хэвлэлийн төлөөлөгчид, MASS агентлаг, Premier sports телевиз, NTV телевиз болон сайтуудын нэгдэл, телевизийн уран бүтээлчдийн нэгдлээс бүрдсэн нийт 38 хэвлэл, мэдээллийн байгууллагын баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
МСНЭ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.УУГАНБАЯР “Хэвлэл, мэдээллийн байгууллагын дунд зохион байгуулж буй спортын тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдаж байна.
Сагсан бөмбөгийн төрөлд Эрэгтэй 19 баг эмэгтэй 12 баг оролцож байгаа бол гар бөмбөгийн төрөлд 15 баг оролцож байна.
Сүүлийн 7 жил хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд спортын тэмцээн зохион байгуулагдаагүй. Энэ удаагийн тэмцээнд Хэвлэл мэдээллийн байгууллагын салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, зураглаачид маш идэвхтэй оролцож байгаад талархаж байна. Цаашид спортын тэмцээнийг жил болгон уламжлан болгон зохион байгуулахаар төлөвлөсөн” гэлээ.
С1 ТЕЛЕВИЗИЙН ПРОДЮСЕР Г.ТЭГШЖАРГАЛ:Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулан спортын тэмцээнийг зохион байгуулж байгаа МСНЭ-ийн Ерөнхийлөгч, удирдлагын багийнхандаа баярлалаа.
Миний хувьд энэ тэмцээнд С1 телевизээ төлөөлөн сагсан бөмбөгийн эмэгтэй баг, гар бөмбөгийн холимог багт тоглогчоор оролцож байна.
Өнөөдөр спортын тэмцээн cагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлсэн бөгөөд нийт 57 тоглолтын дараа сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шилдэг багууд тодрох бол маргааш гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багийн шилдгүүдээ тодруулах юм.
Спортын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдадаа амжилт хүсье.