Япон улсын Кюушү мужийн Яцуширо хотод гуравдугаар сарын 2-ноос 5-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын явган алхалтын арга хэмжээнд Монголын явган алхагчид маш амжилттай оролцов.
Монголын багийн хамгийн өндөр настай алхагчаар 75 настай Н.Пүрэвдаш оролцсон бөгөөд 3 өдрийн туршид олон улсын алхагчдыг манлайлж, алхалтын хурд, хэмнэл, зохион байгуулалтаар ялгарч, амжилттай оролцсон юм.
Түүнчлэн хөтөлбөрийн гурав дахь өдөр Монголын алхагчид үндэсний дээл, хувцсаа өмсөж оролцсон бөгөөд олон орны алхагчдын анхаарлыг татаж, хамтдаа зургаа даруулж, монгол соёл, ахуйгаа сурталчлан таниулах боломжийг бүрдүүлсэн юм.
Үндсэн алхалтын арга хэмжээнд Монголоос оролцсон гишүүд нь алхалтын эхний өдөр багаараа 20 км-ийн алхалтын маршрутыг сонгож, амжилттай барианд орсон бол алхалтын хоёр дахь өдөр багийн дийлэнх гишүүд 40 км-ийн замыг сонгож алхацгаав.
Сүүлийн өдөр 20 км-т алхаж барианд орсон юм. Алхалтын замын туршид Японы аж байдал, иргэдийн амьдралын хэв маяг, тосгоны хэв шинж, аж ахуй эрхлэлт, жимс, ногоо, тариалангийн талбай, байгаль орчин, түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхох боломжтой байсан төдийгүй нутгийн иргэдийн халуун дулаан харилцаа, инээмсэглэл, найрсаг харилцааг мэдэрч алхах нь таатай байлаа.
Тус арга хэмжээнд оролцсон Б.Болор-Эрдэнэ ахлагчтай баг нь алхсан үзүүлэлт, болзол хангасан байдалд үндэслэн олон улсын явган алхагчийн “Хүрэл” медалийн эзэд болцгоож, “Олон улсын явган алхагчийн паспорт”-оо гардан авав.
Мөн Яцуширо хотын захирагч ноён Накамура сан Монголын багийн гишүүдийг хүндэтгэн хүлээн авч дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд Монголын явган алхалтын холбоо болон Японы явган алхалтын холбоод хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураг ёслол зохион байгуулагдав.