Монголын Сагсан бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн 2022-2023 оны улирлын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа энэ сарын 14-нд боллоо.
Улирлын үнэ цэнтэй тоглогч буюу MVP-ээр Т.Санчир тодорлоо
Т.Санчир нь Монгол улсын сагсан бөмбөгийн SBL Хасын Хүлэгүүд багт тоглодог Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин юм. Тэрбээр Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг бөгөөд 1995 оноос хойш Монголоос гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглосон анхны тамирчин юм.
2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд Филиппиний сагсан бөмбөгийн лигийн Barangay Ginebra San Miguel багт тоглож эхэлсэн ба өмнө Монголын хамгийн том лиг Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны лигийн Мон-Алтиус Мадимос Шонхорууд багт тоглож байсан.
Санчир Монголын үндэсний шигшээ багт 2009 оноос багтаж эхэлсэн ба, хамгийн сүүлд 2014 оны Азийн наадамд 16.6 оноо, 5.6 самбараас бөмбөг авалт дундажлан, оноо авалтаар багаа тэргүүлэн тус тэмцээнд 8-р байранд шалгарсан ба Монгол Улсын сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн том амжилт үзүүлсэн юм.
Сагсан бөмбөгийн замналдаа үндэсний дээд лигийн улирлын MVP шагналаа тав дахь хүртэж байна.
Харин энэ улирлаас эхлэн өгч буй улирлын шилдэг гадаад тоглогч шагналын эзнээр Эрдэнэт Майнерс багийн Пендарвис Уиллиамс тодорчээ.
Эрэгтэй Дээд лигийн улирлын шилдэг дасгалжуулагч Эрдэнэт Майнерс багийн ахлах дасгалжуулагч Грек эрхэм Фрагиас Василиус, шилдэг зургаа дахь тоглогч М Гарьд багийн довтлогч Д.Дөлгөөнмөрөн, шилдэг шинэ тоглогч Налайх Бизон багийн холбогч Э.Тулга, улирлын шилдэг хамгаалан тоглогч Хасын Хүлэгүүд багийн хамгаалагч Т.Мэндбаяр нар тус тус нэрлэгдлээ.