Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Зэвсэгт хүчний түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр цаг, зав гарган ярилцлага өгч буйд талархаж байгаагаа илэрхийлье.
Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэж, сониныхоо ярилцлагад урьсан явдалд баярласнаа илэрхийлье. Танай сонины хамт олонд ч бас баярлалаа гэж хэлье.
Мөн танай сониноор дамжуулан удахгүй болох Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт ухамсарт амьдрал, залуу насаа зориулсан үе үеийн ахмад дайчид болон өнөөдөр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд алба хааж буй генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, цэргийн гэрээт алба хаагчид, хугацаат албаны дайчид, даян дэлхийн энхийн үйлсийн төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид болон нийт Монголын ард иргэддээ хүргэе.
Таны хувьд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдоод бараг 3 жил өнгөрчээ. Энэ бол багагүй хугацаа. Салбартаа олон жил ажилласан, салбараа сайн мэддэг, цэргийн хүний хувьд Та өнгөрсөн жилүүдэд салбарынхаа нэлээд гүнд нь орж ажилласан байх. Өнөөдөр эргээд харахад дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хэр ойрхон түвшинд хүрсэн гэж үзэж байна?
Тийм ээ. Миний бие 2020 оны 07 дугаар сард Батлан хамгаалахын сайдаар томилогдож, өнөөдөр 2 жил 7 сар орчим болжээ. Энэ бол бас ч багагүй хугацаа юм. Дээрх хугацаанд Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, эдгээртэй уялдан батлагдсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” зэрэгт батлан хамгаалах чиглэлээрх зорилт, арга хэмжээнүүдээ нарийвчлан тодорхойлон тусгах, улмаар хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ирсэн.
Энэ ч үүднээс саяхан бидний гаргасан дээрх баримт бичгүүдийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үр дүн нэлээдгүй өндөр хувьтай хэрэгжиж байна гэсэн тооцоо, судалгаа гарсан байна лээ.
Тухайлбал, 2022 оны байдлаар “Алсын хараа-2050”-д туссан зорилтын I үе шат болох “Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе”-д туссан зорилт, 15 үйл ажиллагаа, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д туссан 8 арга хэмжээний хэрэгжилт 90 гаруй хувьтай байгаа бол “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчнийг хөгжүүлэх” зорилт, 9 дэд зорилт, 48 арга хэмжээний хэрэгжилт 80 гаруй хувьтай байна.
Мөн дээрх бодлогын баримт бичгүүдтэй уялдан батлагдсан “Батлан хамгаалахын стратеги төлөвлөгөө” болон “Зэвсэгт хүчний стратеги төлөвлөгөө”-нүүд хэрэгжээд 2 жил гаруй хугацаа өнгөрсөн бол Зэвсэгт хүчний дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чухал баримт бичиг болох “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилт 2022 оны байдлаар нэлээдгүй өндөр хувьтай гарсан.
Товчхондоо энэ бол манай салбарын алба хаагч бүрийн хичээл зүтгэл, идэвх санаачилга, хамтын ажиллагааны үр дүн гэж хэлмээр байна. Гэхдээ бидний өмнө хийж хэрэгжүүлэх маш олон ажил, арга хэмжээ байна.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ийг хэрэгжүүлж эхэлснийг Бид мэдэж байгаа.
Батлан хамгаалах салбар тус бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт гэсэн 5 багц асуудлын 6 зорилт, үйл ажиллагааны хүрээнд 10 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгааг товчхон дурьдая.
Тухайлбал, Боомтын сэргэлтийн хүрээнд үндэсний төмөр замын сүлжээг өргөтгөж, транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх, боомт хүртэлх зам, харилцааг сайжруулж, тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож ирсэн.
Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн ангиуд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын доод, дээд бүтцийн ажил, Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох 17,5 км хүнд даацын авто зам зэрэг улс орныг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудад голлох үүрэг гүйцэтгэснийг Та мэдэж байгаа байх.
Улмаар хоёр дахь том төсөл болох “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 1 жил хүрэхгүй богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна.
Энэхүү төмөр замууд ашиглалтад орсон нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа шинэ төмөр замын бүтээн байгуулалтуудыг Монголчууд бид хийж чадсан гэдэг агуулгаараа түүхэн ач холбогдолтой болсон.
Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын Цогтцэций дахь өртөөний барилга угсралтын ажил, “Улаанбаатар-Дархан” чиглэлийн авто замын 30 байрлалд хоолойн барилга угсралт, 25 км-т далан барих, суурийн материал тээвэрлэх ажлыг бүрэн гүйцэтгэсэн бол 144,9 км “Богдхан төмөр зам” төслийн доод бүтцийн барилга угсралтын трассыг хүлээн авч, материалын судалгаа хийх, төгсгөл хэсгийн 37.5 км-ийн далангийн ажлыг хийж байна.
Ер нь төр, засгаас бүтээн байгуулалтын ажлын газар орны хүндрэлтэй хэсэгт хөдөлмөрийн багтаамж ихтэй, хугацаа, хүн хүч шаардсан хүнд хүчир үүргүүдийг Зэвсэгт хүчиндээ даалгаж, манай цэргийн анги, салбарууд, алба хаагчид маань энэхүү үүргийг богино хугацаанд, нэгдсэн зохион байгуулалттай, хариуцлагатай, чанарын өндөр түвшинд амжилттай гүйцэтгэж байгаа нь Засгийн газраас дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд найдвартай гол хүч нь болж, улмаар ард иргэдийнхээ итгэл найдварыг хүлээж байгааг хэлэхэд таатай байна.
Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны 170 айлын орон сууцны барилга, угсралтын ажлыг гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ Зэвсэгт хүчний Туршилт-үйлдвэрлэлийн төвүүдээ түшиглэн цэргийн зориулалттай тусгай техникүүд, нисгэгчгүй нисэх хэрэгсэл, радиостанцууд зэргийг зохион бүтээж, туршилт судалгааны ажлуудаа хэрэгжүүлж, эхний загваруудаа үйлдвэрлэн ашиглаж эхлээд байна. Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадам, “Төрийн далбааны өдөр” явагдсан “Цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, жагсаал”-д эдгээр цэргийн техник, хэрэгслийг оролцуулж сурталчлан таниулсан.
Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар хамгийн тэргүүн эгнээнд нэгдэн орж, цэргийн анги, байгууллагуудаа түшиглэн нийт 7 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн ба бид 2030 он гэхэд 27 сая гаруй модыг тарьж ургуулахаар тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Бид энэ чиглэлээр хүн хүчний болоод мод, бутны суулгацын тодорхой нөөцийг бий болгож эхэлсэн. Өнгөрсөн онд л гэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хэрэгцээт тарьц суулгацаар хангах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэж, сурган дадлагажуулах зорилгоор “Мод үржүүлэг-агро экологийн сургалтын төв”-ийг Зэвсэгт хүчний 2 ангийн харьяанд 28 га мод үржүүлгийн талбай болон Мод үржүүлгийн газрыг Зэвсэгт хүчний 4 ангийн харьяанд нийт 21 га талбайд тус тус байгуулж, 217 мянга гаруй мод, бут сөөг, сөөгөнцөрийг тарьж ургууллаа.
Тэгвэл энэ 2023 онд Зэвсэгт хүчний 3 ангид 9 га талбайд мод үржүүлгийн талбай байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Батлан хамгаалах салбар дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр байгаль, экологийн доройтлыг бууруулж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний үржил шимийг сайжруулах, алба хаагчдын амьдрах, ажиллах орчин, нөхцөлийг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой, үр дүнтэй арга хэмжээ болж байгаа.
Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Батлан хамгаалах салбар нь өөрийн гэсэн онцлогтой ч энэ чиглэлээр нэлээдгүй ажлуудыг хийж, хэрэгжүүлээд байна.
Тухайлбал, “Цэргийн бүртгэл”-ийг Төрийн нэгдсэн цахим үйлчилгээний www.e-mongolia.mn веб порталд байршуулж, “Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг мөн “Е-Мongolia”-аар өнгөрсөн онд амжилттай явуулсан ба энэ жилийн бүртгэлийг ч мөн 03 дугаар сарын 06-наас явууллаа.
Мөн Батлан хамгаалахын төв архивын зарим үйлчилгээг төрийн нэгдсэн цахим үйлчилгээнд байршуулж, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, ажилласан жилийн лавлагаа, цалингийн тодорхойлолт, дайнд оролцсон ахмад дайчдын лавлагаа, тушаал, шийдвэр, бусад баримтын хуулбарыг цахимаар авах боломжтой болгоод байна.
Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгжийг төрөөс бодлогоор дэмжих, төвлөрлийг бууруулах зорилтын дагуу улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засагтай уялдуулан Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн дагуу зарим цэргийн ангиудыг орон нутагт байгуулах, шилжүүлэн байрлуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Тухайлбал, Архангай, Говь-Алтай аймгуудад Барилга-инженер, экологийн чиглэлийн цэргийн ангиуд байгуулж, одоогоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Эдгээр ангиудын үйл ажиллагаа жигдэрснээр орон нутагт ажлын байр бий болох, боловсон хүчнээр тухайн аймаг, орон нутгаас түлхүү бүрдүүлэх, улмаар орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцох, дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой болно.
Мөн Улаанбаатар цэргийн хүрээний зарим ангиудыг үүрэг гүйцэтгэх томилгоот чиглэлд нь гаргаж байршуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Төрөөс хөдөө, орон нутагт шилжин суурьших, ажиллаж, амьдрах залуусыг бодлогоор дэмжих ажлын хүрээнд манай салбарт ажилладаг залуу гэр бүлийг орон сууцны ипотекийн зээл, хөнгөлөлтөд хамруулах, өмчлөлийн газар олгох, цалин урамшууллыг нь ялгавартай тогтоож нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудалд тусгайлан анхаарах, аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг бодлогыг баримтална.
Ер нь Батлан хамгаалах салбар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг үргэлж дэмжиж, манлайлан оролцож ирсэн. Үүний нэг илэрхийлэл нь “Ковид-19” цар тахлын маш хүнд нөхцөл байдлын үед ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд тэргүүн эгнээнд ажиллаж, ковидын үед гадаадаас ирсэн иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах, хэвтүүлэн эмчлэх, вакцинжуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Тухайлбал, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед “Багабаян-Энхийн төлөө цогцолбор төв”-д 1700 орчим иргэнийг тусгаарлаж, Цэргийн төв эмнэлэгт байгуулсан “Ковидын тасаг”-т 6800 өвчтөнг хэвтүүлэн эмчилж, салбарын бие бүрэлдэхүүний 98.6 хувийг I, II тунд, 81.9 хувийг III тунд хамруулсан байдаг юм. Мөн стратегийн чухал ач холбогдол бүхий уул уурхайн (Оюутолгой, Эрдэнэт, Замын үүд, Гашуун сухайт, боомтын ажилчид гэх мэт) 5000 орчим хүнд вакцинжуулах ажлыг манай эмч, эмнэлгийн ажилчид хийсэн.
Зэвсэгт хүчний алба хаагчид маань Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудад хөл хорио тогтоох, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, чингэлэг тээвэрлэлт, ачаа шилжүүлэн ачих ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд хяналтын постуудад эргүүл, хамгаалалт хийх, замын хөдөлгөөн болон бусад хууль, журам зөрчсөн иргэд, байгууллагуудыг илрүүлэн хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэснийг бас дурдах нь зүйтэй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу