“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр болж байна.
Зөвлөгөөнд Турк Улсад болсон газар хөдлөлтийн үеэр эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон туршлагаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хуваалцсан юм.
Тэрбээр “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд ирэх тавдугаар сарын 24-26-ны хооронд Монгол Улсад үндэсний хэмжээний сургуулилалт зохион байгуулна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайд, НЗДТГ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулах энэ арга хэмжээний үеэр газар ийм хүчтэй хөдөлсөн үед бид ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудлыг хөндөх юм.
Одоогийн нөхцөл байдлаас харахад, жишээлбэл Нэгдүгээр хороололд есөн давхар барилга нурахад аврах ажиллагаа зохион байгуулж дийлэхгүй байж мэднэ. Тиймээс гамшгийн үед олон улсын тусламжийг хэрхэн авах, ямар байдлаар ажиллах вэ, хүн хүчний нөөц байна уу зэрэг олон асуудлыг ярилцан, төлөвлөгөө гаргах юм.
Тусгаар тогтнол, газар нутгаа хамгаалж үлдэх, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нь улс үндэстний сөрөн тэсвэрлэх чадавх дээр тогтож байдаг. Тиймээс бид өнөөдрөөс эл зүйлийн талаар хөндөж, хэлэлцэж, төлөвлөх шаардлагатай тулгараад байна” гэв.