Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Одоогоос 42 жилийн өмнө Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрч байв.
Тэд Салют-6 сансрын станцтай холбогдон сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь 1947 оны 12 -р сарын 05 нь өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмидийн том хүү болон төржээ. Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь хүн юм.
Тэрээр 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ.
1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.
Тэрээр сансарт ниссэнийхээ дараа Зөвлөлт Холбоот Улсын баатар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цолоор шагнагджээ.