Монголын гурван БОКСЧИН өнөөдөр медалийн төлөө тулалдана

Эмэгтэй боксчдын 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж байна.

Тэмцээнд 65 орны 324 тамирчин оролцож буйн дотор Монголын найман тулаанч байв.

Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж, өнөөдрөөс медалийн төлөөх хариуцлагатай тулаанууд эхэлж байна.

Монголын гурван боксчин өнөөдөр медальтай үлдэх эсэхээ шийдэх чухал тулааныг хийх юм.

48 кг-д хүч сорьж буй Л.Алтанцэцэг Францын Р.Беннамаг 5:0, БНХАУ-ын Ху Мей Юүг 5:0-ээр ялж, шөвгийн наймд шалгарсан.

Тэрбээр 16:30 цагаас Узбекистаны 19 настай тамирчин, энэ оны залуучуудын Азийн аварга Ф.Фозиловатай хүрэл медалийн төлөө нударга зөрүүлнэ.

52 кг-д өрсөлдөж буй О.Есүгэн Тайландын П.Тинтабтайг 4:1, Мозамбикийн Х.Багаог цэвэр ялж, дунд шөвөгт үлдсэн бөгөөд өнөөдөр залуучуудын Европын аварга цолтой итали боксчин С.Чараабитай тулах болно.

Медалийн төлөөх энэхүү тоглолт 17 цагийн орчимд явагдахаар байна.

54 кг-ын М.Энхжаргал Вьетнам, Марокко, Бразилын боксчдыг дараалан ялж, шилдэг наймд шалгарсан.

Улмаар өнөөдөр Италийн боксчин О.Савчуктай медалийн төлөө тулалдахаар шалгараад байна. Тэдний тулаан 21 цагийн үед явагдах төлөвтэй.

Медалийн төлөөх тулааныг Premier Sports Network суваг шууд дамжуулахаар болжээ.

Энэ жилийн ДАШТ-ий тухайд 2.4 сая ам.долларын шагналын сантай гэдгээрээ онцлог. Алтан медаль хүртсэн тамирчин 100 мянган ам.долларын шагнал гардах бол мөнгөн медальтнууд 50 мянга, хүрэл медалийн эзэд 25 мянган ам.долларын шагнал авах болно.

Нэг ДАШТ-д Монголын гурван эмэгтэй боксчин медалийн төлөө гарч ирсэн нь анхны тохиолдол юм. Өмнө нь манай эмэгтэй боксчдоос М.Нандинцэцэг 2018 онд хүрэл медалийн эзэн болж, шинэ түүх бүтээж байсан билээ.

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …