Энэ сарын 30-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хурал дахь Ажлын хороодоор хэлэлцэж эхэлсэн.
Өнөөдөр Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцлээ.
Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна.
Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд нийт 1207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм.
Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авч ажиллах аж.
Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.