Хууль хяналтын байгууллагаас сэвэлцэж эхэлсэн “шударга ёсны салхийг” парламент сарниулах уу

Өвөлжин ярьсан УИХ-ын гишүүдийн нүүрсний хулгайд холбогдсон хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж нягтлаад, прокурорын байгууллагаас нэр бүхий гишүүдийг яллагчаар татах саналаа гаргаж УИХ-ын даргад хүргүүлсэн.

Нүүрсний гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүд өөрсдөө бол “Хууль хяналтын байгууллагад саад болохгүйгээр, бүрэн эрхээ түдгэлзүүлэхгүйгээр шалгуулчихъя” гэдэг.

Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байгаа цагт хууль хяналтын байгууллага гэр оффист нь үзлэг хийх, данс тооцоог нь шалгах, дуудсан цагтаа ирүүлэх, мөрдөн хорьж шалгах ямар ч боломжгүй. Тиймээс зайлшгүй УИХ-ын гишүүний эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаас өөр аргагүй. Тэгээд ч нүүрсний хулгайд огт холбогдоогүй гэж ярьдаг эрхэм гишүүд ч гэсэн УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат шиг бүрэн эрхээ түдгэлзүүлэх хүсэлтээ гаргаад, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж байгаад шалгуулчих хэрэгтэй дээ.

Хулгайд хамааралгүй гэдгээ хуулийн байгууллагаар шалгуулж нягтлуулаад, үнэн мөнийг нь олоод, нэрээ цэвэрлээд, эргээд нэр төртэйгээр гишүүний эрхээ сэргээлгэнэ биз.

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар эл асуудал хэлэлцэгдэх учиртай. Гэтэл парламентад суудалтай МАН, АН-ын гишүүд харилцан тохиролцож, кнопоо нэгтгэж нэг ангийн “гишүүдээ” авч үлдэх бололтой. Ийм зүйл болбол Ерөнхий сайдын хэлээд байсанчлан “нүүрсний хулгайч нар” намын журмын нөхөд дотор, парламент дотор “байгаа нь” гарцаагүй үнэн гэдэг нь нотлогдох нь дээ.

Дээр нь Г.Занданшатар даргатай парламент анх удаа “хулгайч” гишүүдээ “хаацайлж” үлдсэнээрээ түүхэнд дурсагдан үлдэнэ.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …