Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Мэдээлэл, технологи, стандартын хэлтсийн дарга, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Гэрэлнямтай авто замын норм, нормативын талаар ярилцлаа.
-Зам, тээврийн салбарт хэчнээн стандарт мөрдөгддөг вэ?
– Монгол Улсад Стандарт, хэмжилзүйн газраас батлагдсан 6510 Үндэсний стандарт байна. Үүний 544 нь зам, тээврийн 5 салбарт мөрдөгдөж байгаа стандартууд юм. Авто замын салбарт 223 стандарт мөрдөгдөж байна. Эдгээрийн 80 орчим хувь нь ХБНГУ, Евро норм, Их Британи, Япон, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон улсын стандартууд байна. Бусад салбаруудаас авто тээврийн салбарт 143, төмөр замын салбарт 165, агаарын тээврийн салбарт 13 стандарт стандарт тус тус мөрдөгдөж байна.
-Явган хүний замын стандартын тухайд?
-Стандарт нь авто замын салбарын техникийн баримт бичгийн тогтолцооны нэг статус бүхий баримт бичиг юм. Авто замын салбарт стандартаас гадна Сайдын тушаалаар батлагддаг техникийн, норм, норматив, техникийн шаардлага, гарын авлага, дүрэм, цомог гэх мэт олон төрлийн баримт бичгүүд байгаа. Тухайлбал, авто замын салбарт 70 орчим бусад баримт бичиг байгаагийн дотор зам, барилга, засвар арчлалт, гүүрэн байгууламжийн үйлдвэрлэлийн болон төсвийн жишиг нормууд мөрдөгдөж байна. Инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, хийц, бүтээц тооцоход голлон норм дүрмийн үзүүлэлтүүдийг авч хэрэглэдэг.
Мөн засаг захиргааны статусаараа ялгаатай хотын суурины гудамж, зам төсөллөх норм, дүрэм 2005 онд батлагдсан байдаг. Үүнийг одоо шинэчлэн боловсруулж байна. Үүнд явган хүний дэд бүтэц буюу явган хүний зам болон унадаг дугуйн зам төсөллөх параметрүүд орсон.
-Явган хүний, дугуйн замын стандарт манайд мөрдөгддөг үү?
-Манай улсад мөрдөгдөж байгаа явган хүний зам болон унадаг дугуйн замын стандартууд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл, явган хүний зорчих орон зай, гарц гарам, түүний аюулгүй байдал, явган зорчигчдод зориулсан гудамж талбай буюу тээврийн хэрэгсэлгүй бүс зэрэг хэрэгцээ шаардлагатай үзүүлэлтүүдийг тусган боловсруулсан байгаа.
Өмнө мөрдөж байсан стандартад явган хүний замын өнгө хучилт нь нийтийн хэрэглээний замтай ижил асфальтан болон цементэн хучилттай байсан. Харин сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах үүднээс тактелан зам барих шаардлагатай гарахад явган хүний замын хучилт өрмөл чулуун байж болно гэж стандартад зааж оруулсан. Гэвч хэрэгжүүлэлтийн шатанд стандартын шаардлага бүрэн дүүрэн хангахгүй барилгын ханын өнгөлгөөний гөлгөр барзгаржилт хангахгүй хавтангуудаар зам, талбай барьж халтиргаа, гулгаа үүсэн, явган хүний аюулгүй байдлыг хангахгүй байна.
Тактелан замын товгор хээг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан стандарттай байгаа. Явган хүний замын өргөн нь 2 тэргэнцэртэй иргэн зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байхаар заасан бөгөөд стандартуудын техникийн түвшинг 5 жил тутам хянаж, орчин үеийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцүүлэн байнга сайжруулж байх ёстой, иймээс бид дэд бүтэцийн чанар, аюулгүй байдлыг хангасан үзүүлэлтүүдийг түлхүү анхаарч судалж, шинжилж ажилладаг.
-Мөрдөгдөж буй стандартыг дэлгэрэнгүй танилцуулбал?
-Хот, суурины гудамж, зам төсөллөх норм дүрэмд хэд хэдэн голлох техникийн үзүүлэлтүүд байдаг. Үүнд хот суурин гудамж, замын сүлжээ төлөвлөлтөд тавигдах үндсэн шаардлага, гудамж замын зориулалт, ангилал, замын хэвтээ болон дагуу, хөндлөн огтлолын үндсэн элементүүд, гудамж замын ангилалд тавих төсөллөх нөхцөл, уулзварууд, ус зайлуулах байгууламжууд, уулзвар, гарц, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол болон бусад авто зогсоол зэрэг дээр дурдаагүй олон элементээс гадна гол зам, туслах зам, шилжих зам, хороолол доторх зам гэх мэт замууд хүртэл техникийн хүчин чадлаараа өөр өөр байгаа.
Жишээлбэл, орон сууцны хорооллын гудамж зам гэхэд л хамгийн багадаа 6-7.5м өргөнтэй байх, ачаа, даацын хэмжээ тооцоогоор тул барих материалынхаа уян харимхайн үзүүлэлтээс хамаараад зузаан нь өөр өөр байдаг. Явган хүний замын өргөн 1.5 метрээс багагүй байх гэх мэт заалтуудыг холбогдох норм болон стандартуудад зааж өгсөн байна.
Стандартыг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавих хүмүүс нь улсын хяналт, шалгалтын байцаагч нар. Авто замын зураг төсөл боловсруулан, магадлал хийхээс эхлээд норм, стандартын шаардлага, аюулгүй байдлыг хангаж байна уу гэдгийг хянаж, дүгнэлт гарган ямар нэг алдаа дутагдал, зөрчил байвал арилгуулах арга хэмжээ аваад явж байгаа.