Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн багш, оюутан залуусын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Уулзалтын үеэр гарсан санал, хүсэлтийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа.
Цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог 2023 онд 1500 болгож, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Мөн оюутнуудыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд 2023 онд хамруулах, төрийн өмчийн их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.
Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын сурагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг И-Монголиа систем ашиглан олгох, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тоог нэмэгдүүлнэ.
Мөн И-Монголиа систем И-студент цонхтой болсон, оюутнуудад төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг энэ цонхоор авах боломжтой боллоо.