38-р сургуулийн байрыг, дүүргийн Нутгийн захиргааны ордонтой зэрэгцүүлж шинээр барина

Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-өөр дамжуулан нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн 9 иргэнийг  Баасан гарагт хотын дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх болон бусад холбогдох албаныхан оролцож, иргэдийн асуултад хуулийн дагуу хариу өгч, боломжтой зарим хүсэлтийг шийдвэрлэсэн юм. Иргэдийн дийлэнх нь газрын маргаан шийдвэрлүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барьж байгаа асуудлыг зогсоох, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах болон газар олгож өгөхийг хүссэн байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 3сарын 6-ны өдрийн 87 тоот захирамжаар тус дүүргийн 38-р сургуульд 8352 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрчилгээ олгосон боловч тус газрын 1970 ам метр талбайд БГД-ийн Нутгийн удирдлагын ордон бариулахаар БГД-ын тамгын газрын эзэмшилд шилжүүлсэн үндэслэлийг тодруулахаар тус сургуулийн багш нар хотын даргатай уулзсан юм.

Засаг дарга “Баянгол дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг төвлөрсөн байранд чирэгдэл багатай, хөнгөн шуурхай үзүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх үүднээс төрийн байгууллагын хэрэгцээнд Нутгийн удирдлагын ордны барилга барих газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон. 38-р сургуулийн барилгыг ашиглах боломжгүй гэж акталсан учир сургуулийн байрыг шинээр барих юм. Тиймээс энэ асуудлыг давхар шийдвэрлэх үүднээс дүүргийн Нутгийн захиргааны ордонтой зэрэгцүүлж, 38-р сургуулийн байрыг шинээр өргөтгөн, сурагчдын багтаамжийг нэмж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ байр, хүүхдийн хөл бөмбөгийн талбай барихаар төлөвлөсөн” гэж тайлбарлалаа.

Мөн хүүхдийн аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн нутгийн удирдлагын ордны барилгыг барина гэдгийг хотын дарга онцлон хэлсэн юм. Энэхүү төлөвлөлтийг батлахдаа эхлээд сургууль, хөл бөмбөгийн талбай, нутгийн удирдлагын ордон гэсэн дараалалтайгаар хуваарийг хийхээр сургуулийн захирал болон багш нарын төлөөлөлтэй харилцан тохиролцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …