Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Ц.Нарангэрэл багш, түүний үе үеийн төгсөгчдийн хамтарсан 3 дахь удаагийн “Нэг урлан” үзэсгэлэнг энэ сарын 2-ний өдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Нарангэрэл нь Төрийн соёрхолт, Ардын зураач Л.Гаваагийн шавь ба 1986 онд Бүгд Найрамдах Чех улсын нийслэл Прага хотноо Монументаль уран зургийн чиглэлээр суралцаж ирээд СУИС-ийн Дүрслэх Урлагийн Сургуулийн Монументаль урлагийн тэнхимийг 1990 оноос 2017 он хүртэл удирдан багшлахдаа 160 гаруй зураач, уран бүтээлч бэлтгэн дүрслэх урлагийн шинэ залуу үеийг бий болгосон сурган хүмүүжүүлэгч, уран бүтээлч билээ.
Зураач Ц.Нарангэрэл эзэмшсэн мэргэжилдээ тууштай зүтгэж, МУЭХ-ны “Зураг Урлалын газар”-ын Монументаль чимэглэлийн үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа “Эрдэнэт хивс” ХХК-ийн үйлдвэрийн захиргааны хэсэгт “Хүннү” сэдэвт мозайк, Улаанбаатар хотын “Гэрлэх ёслолын ордон”-ы ханын чимэглэл, Жанчивлан рашаан сувиллын “Домог” ханын зураг, Баянгол амралтын үүдний витраж чимэглэл зэрэг нийслэл болон орон нутгуудад байрлах чулуун шигтгэмэл, монументаль урлагийн томоохон бүтээлүүдийг хамтран бүтээж байсан юм.
Түүнчлэн 2009 онд Төрийн ордны их хурлын гэр өргөөнд байрлаж буй дөрвөн “Хаадын хөрөг” чулуун шигтгэмэл, “Бурхан халдун” монументал уран зургийг удирдан шавь нарын хамт хийж гүйцэтгэсэн.
Тэрбээр байгалийн уран зургийн чиглэлээр нэлээдгүй уран бүтээл бүтээн туурвисан бөгөөд “Аргалын Утаа”, “Ээжий Бөн Бөн”, “Зэрэглээ” зэрэг бүтээлүүд нь Монголын Уран зургийн галерейн улсын сан хөмрөгт хадгалагдаж байна.
Багш, зураач Ц.Нарангэрэлийн бүтээлүүд нь хэв маяг, сэдэв агуулга, дүр дүрслэл, өнгө аясаараа маш өргөн хүрээтэй тул олон төрөл зүйлд ангилагдах ч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх, судлан сурталчлах гэсэн үзэл санаагаар нэгддэг.
Ц.Нарангэрэл багшийн төдийгүй түүний шавь нарын уран бүтээлүүд Монголын үзэсгэлэнт байгалийн гайхамшигт үзэмжийг илэрхийлэн эх орныхоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд оюуны мэлмийг гийгүүлсээр байгааг онцлоход таатай байна.