Анх ажил хийж, 12 мянган төгрөгийн цалинтай байх үеэсээ нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалд мөнгө төлж эхэлжээ. Өөрийнхөө төлсөн шитмгэл дээр ажил олгогчоос өгсөн мөнгийг тооцоод үзвэл овоо хэдэн төгрөг болж. Харин түүнийг хэрхэн ашигласан билээ гээд бодвол тун ч ядмаг тоо гарч байна. Хүүхнүүдийн хувьд хүүхэд төрүүлэхдээ даатгалын ач тусыг хэсэг хугацаанд багахан хэмжээнд мэдэрдэг. Харин эрчүүдийн хувьд даатгалд төлсөн мөнгө нь ердөө л хандив болоод өнгөрдгийн нэг жишээ манай аав. Улсад 38 жил ажиллаад, 60 нас хүрэхийнхээ өмнөх сард аймшигт өвчнөөр өөд болсон миний аав шиг хүн олон бий. Насаараа хөдөлмөрлөсөн ч эрүүл саруул, энх тунх яваа ахмадуудын хувьд ч улсдаа тушаасан мөнгө “Эв санааны нэгдлийн хандив” болон өнгөрч байгаа.
Харин 1995 оноос хойшхи хугацаанд төлсөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын мөнгө “Нэрийн данс”-нд төвлөрч эхэлсэн, түүнийгээ хэрхэн зарцуулах нь тухайн даатгуулагчийн сонголт байх юм гэсэн ойлголт нийгмийн дунд бий. Гэвч холбогдох мэргэжилтнүүд үүнд “Уучлаарай, та нар ч мөн хуучин эв санааны нэгдлийн зарчмаар тэтгэврээ тогтоолгоно” гэсэн хариу өглөө. Ийм тохиолдолд “Нэрийн данс” нээж, сүржигнэх хэрэг байсан уу.
Эв санааны нэгдлийн зарчмаар миний аавын төлсөн даатгалын мөнгө насаараа ажил хийж үзээгүй, даатгал төлж байгаагүй нөгөөд тэтгэвэр, тэтгэмж болон очсон гэсэн үг. Нуруугаа бөгтийж, гараа мойногштол хэдэн хүүхдийнхээ төлөө зүтгэсэн аав маань хамар хашааны “Догшин хар” хочтой Жанцан гуайн тэтгэвэрт зориулах гэж мөнгө хуримтлуулахгүй байсан гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл Жанцан гуай улсад ажиллаагүй ч хот, хөдөөг холбон панз үсэргэж, “Москвич”-ээс эхлээд машин бүрийг унаж явсан жаатай хөгшин. Ноднин жил хавдраар өвдсөн авга эгч маань арга нь барагдахдаа “Ахын төлсөн мөнгө ажаад нь ирдэг ч болоосой. Тэгвэл гадаад гараад эмчлүүлэхсэн” гэж суусан нь санаанаас гардаггүй юм. Үнэхээр өөрөө ашиглаж амжаагүй тэр мөнгө үр хүүхэд, ах дүү, аав ээжид нь олддог бол өнөөдөр Монголын хичнээн гэр бүл Эрүүл мэндийн даатгалын үр шимийг бодитоор нь амсах байсан бол. Фэйсбүүк, твиттэрээр нэг хандив, тусламж хүссэн захидал нийтлэгдэж байна. Нялх балчир үрдээ тохиолдсон аюулт өвчнийг анагаахад туслаач гэсэн зар голчилно. Нөгөө төрөөс даадаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ахмад настнуудад төдийгүй хүүхдүүдэд ч хамаарахгүй байгаагийн бодит жишээ энэ. Хэрвээ боломж нь байдаг эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөнөөсөө зовж яваа нэгэнд өгч буян хийхсэн гэж хүсэх хүн цөөнгүй байна.
ЭМД-ын сангаас үзүүлдэг тусламж үйлчилгээний зардлыг харъя л даа. 115 бүлгийн 2500 оношийн хамааралтай иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 108-536 мянган төгрөгийн тусламж үзүүлдэг ажээ. Оношилгоонд 30 мянга, уламжлалт эмчилгээнд 80 мянга, нөхөн сэргээх эмчилгээнд 50-52 мянга, хөнгөвчлөх эмчилгээнд 65 мянга, амбулаторийн тусламж үйлчилгээнд есөн мянган төгрөгийн тусламжийг ЭМД-ын сангаас иргэд хүртэх боломжтой. Ганц оношилгоог жишээлэн үзэхэд ЭМД-ын сангаас өгсөн мөнгөөр өвчтөн нэг удаа эход харуулах буюу рентгэн зураг авахуулна. Гэтэл өвчний оношийг тодруулахын тулд эхо, рентгэнээр зогсохгүй, томограф, MRI-д харуулахыг захын эмч шаарддаг. Нэг удаа ч бус нэг хэсэг харуулж байж оношоо тодруулах нь бий. Гэтэл томографийн хамгийн бага ханш 100-150 мянган төгрөг. MRI багадаа хагас сая төгрөг. ЭМД-ын сангаас оношилгоонд төсөвлөсөн 30 мянган төгрөгөөр цусны ерөнхий шинжилгээ л өгөх байх. Энэ мөнгийг хүртэхийн тулд бичиг баримт бүрдүүлэх, ЭМД-аас мөнгө ирэхийг хүлээх зэргийг тооцвол ядруу биетэй хүний нас хүрэхгүй ч байж мэднэ. Чухам иймээс л хүмүүс ЭМД-ын санг мөнгө хүүдийлэх нэг арга болгон хараад байгаа юм.
Хүмүүстээ хүртээмжгүй энэ санг жинхэнэ утгаар нь “Эрүүл мэндийн сан” болгон ажиллуулахаар УИХ-ын гишүүд шинэчилсэн хуулийн төсөл боловсруулж эхлээд байна. Бүр хоёр ч төсөл боловсруулсан бөгөөд нийлүүлж нэгтгээд нэг сайн хууль гарах нь гэж хүмүүс хүлээж байна. ЭМД-ын санд төвлөрүүлсэн шимтгэлийн орлогоо өөрөө ашиглаагүй тохиолдолд ойр дотны хэн нэгэндээ тусламж болгон өгдөг байхыг даатгуулагчид хүсч байна. Хүн болгон хуримтлалтай болж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд гэрийнхээ хэн нэгнийг өвдсөн үед нь даатгалынхаа мөнгийг хандивлачихдаг байхыг эрхэмлэж байна. Түүнээс гудамжаар шуудай үүрэн, орц хонгилоор нэг хог таригчид, эсвэл биеийн жаргалыг хөөж, ажил хийлгүй насыг барсан хэн нэгэн танихгүй хүнд хандив өргөхийг сайн санааны илэрхийлэл гэж үзэх хүн цөөн байна.
Зөвхөн өөрийнхөө төлөө бус гэр бүл, аав ээж, хань ижил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө амьдардаг араншин үеэс үед дамжсаар байх нь үнэн болохоор нийгмийн даатгал болон ЭМД-д зориулж буй мөнгийг ойр дотныхондоо дамжуулдаг, бүр цаашлаад өвлүүлдэг болгох цаг болжээ. Харин үүнийг зориглон дуугарах эрх мэдэлтэн, хууль санаачлагч одоогоор алга байна. Бусдыг хуулбарлан дууриахаас өмнө Монголынхоо онцлогийг харгалзан үзэж байх саналыг тавьж байна. Дээр дурдсан хоёр хуулийн төслийн алинд нь ч энэ тухай заалт байтугай үг үсэг ч байхгүй. Үгүйдээ л өөрийн төлсөн мөнгөө эрүүл мэндээ хамгаалахад зориулдаг эрүүл тогтолцоог бүрдүүлэхсэн. Өвдөхөөсөө өмнө сувилуулахдаа ЭМД-аа ашигладаг болъё.
Д.ЦЭЭПИЛМАА
“NEWSWEEK” №040