Өчигдөр Монгол Улсын бүх аймагт нэгэн зэрэг төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу ТҮЦ машин байршуулсны нээлт болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Архангай аймгийн ТҮЦ машины нээлтэнд оролцохдоо хэлсэн үгэндээ “уурладаггүй, хэрэлддэггүй, унтдаггүй шидтэй машин. Хүссэн цагтаа мэдээллээ авч болно” гэдгийг онлоод бүх аймагтай цахим сүлжээгээр нэгэн цаг мөчид нээлт хийж ёслолын тууз хайчилсан юм.
Ховд аймгийн ТҮЦ машины нээлтэнд Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх бусад албаны хүмүүс оролцож, ёслолын тууз хайчилсан юм. Энэхүү ТҮЦ машин нь Цахилгаан холбоо ХХК-ийн Ховд салбарын байрны нэг давхарт байрлаж байгаа бөгөөд иргэний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг нэн хэрэгцээтэй мэдээллийг нэг дороос, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаагаараа онцлог юм. Ямар төрлийн лавлагаа авч байгаагаас хамаараад тодорхой төлбөртэй бөгөөд 500, 1000 төгрөгний хураамжийг бэлнээр болон картаар хийх аж. Мөн энэ нь монгол заавартай бөгөөд төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулж, чирэгдлийг бууруулж байгаа нэг хэлбэр юм.
Г.Одонтуяа