Брэндан Рожэрс: Бид хожигдолд хариу барина

imagesӨнгөрсөн Ням гарагт Халл Ситид ялагдсан муу тоглолтоо засах боломжтой гэж Брэндан Рожэрс найдаж байна. Долоо хоногийг Ливэрпүүл “Кингстон Комуникейшн” –д 3:1 харьцаатай ялагдал хүлээж, таагүй байдлаар эхлүүлсэн ч энэ долоо хоногт гэртээ хийх 2 тоглолтондоо ялалт байгуулж, алдаагаа засах боломжтой юм. Ливэрпүүл өнөөдөр буюу лхагва гарагийн шөнө Анфилд цэнгэлдэхдээ Норвичийг хүлээн авч тоглох бөгөөд тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Брэндан Рожэрс дараахи зүйлсийг хэлсэн байна.

“Намайг ирснээс хойш бид хоёр дарааллан ялагдаж байгаагүй. Энэ нь багийн позитив байдлыг илтгэж байдаг. Болж байгаа зүйлсийн ерөнхий зургийг би үргэлж харж байх ёстой. Бидэнд гомдмоор хожигдлын дараахи сэргэлт хэрэгтэй, бид үүний учрыг олох болно.

Би үргэлж өөртөө болон багийнхандаа шилдэг байхыг сануулдаг. Учир нь бид чинь том баг шүү дээ. Бид зөвхөн хожихын төлөө тоглохоос биш, хоёрдугаар байрын ч юм уу, үхэх сэхэхээ үзэхийн төлөө тоглоогүй. Бид байнгын ялалт байгуулж чадна гэдгээ хэдийн баталж чадсан, потенциал байгаа гэж бодож байна.

Цорын ганц зөвтгөх зүйл гэвэл бид ялахын төлөө гараа хумхилгүй ажиллаж байна. Тиймээс одоо биднээс зөвхөн ялалтыг л хүсч байгаа. Ливэрпүүлийн бүх тоглогч, дасгалжуулагчдын хувьд үнэн байдал гэвэл ийм л байна. Гэхдээ бид энэ календарийн жилийн хувьд муугүй тоглож байгаа.

Энэ улиралд гэртээ гурван гоол алдсны нэгийг нь торгуулийн цохилтоос алдсан. Гэвч бид зочлон тоглож байхдаа хэтэрхий олон алдаа гаргаж байна. Энэ нь ч хүснэгтэнд тогтвортой байхад нөлөөлж байгаа. Амжилттай бус байгаа тоглолтуудад нөлөөлөх өөр өөр тохиолдлууд ч байдаг. Тухайлбал тэнцээ авах гэх мэт.

Харин өнгөрсөн амралтын өдрөөр тийм боломж байсангүй. Халлд хожигдсон нь бидэнд зовиурыг мэдрүүлсэн. Мэдээж улирлын туршид сайн тоглож байгаад хожигдох нь хүнд байдаг. Тэр тусмаа үзүүштэй тоглолт гаргаж чадахгүйгээр шүү дээ. Өнгөрсөн тоглолтоос бидэнд оноо авах эрх байгаагүй. Гэхдээ бид сайн формтой байгаа учраас би тоглогчдоо буруутгаж чадахгүй. Хэрвээ хэн нэгэн буруутах ёстой бол тэр нь Би.

Яг одоо бид дараагийн тоглолтууддаа бэлдэж байна. Сэргэлт авна гэдэгтээ найдаж байна. Өнгөрсөн үеүүдэд тоглогчид маань гайхалтай байсан. Харин өмнөх тойргийн тоглолтын хувьд бол бидний амсхийх тоглолт байсан гэж тооцъё. Бид алдаа гаргаснаасаа болж хоёр ч харамсалтай авто-гоол алдсан.

Харин одоо биднийг гэртээ хийх хоёр тоглолт хүлээж байна. Бүгд анхаарлаа энэ 2 тоглолтод хандуулж байгаа. Норвичтэй хийх тоглолтоос оноогоо авч чадвал бид урьдын адилаар зорилгодоо хүрэхэд ойрхон байх болно. Одоо бид хүснэгтийн 4 –рт бичигдэж байгаа ч Норвичийг хожвол эргээд 2 –р байр руу орж ирэх боломжтой. Энэ нь ч багт эргээд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх болно. Энэ л бидэнд чухал байна.

Өндөр түвшний тоглолтод эхний гоолоос их олон зүйл шалтгаалдаг, ялангуяа бидэнд. Би дөнгөж багийг удирдаж эхлэж байхдаа л эхний гоолыг оруулах, уу үгүй юу гэдэгт их түгшдэг байсан, Харин одоо бид өөртөө итгэлтэй тоглолтыг үзүүлж эхлэснээр гэртээ энэ байтугайг ч хийж чадахаа мэдэрсэн. Бид гэртээ тоглох дуртай. Хэдий чинээ хурдан гоол оруулж чадна, тэр чинээгээрээ бид сайн байж тоглолтыг гартаа атгах шалтгаан болно. Лхагва гарагт бид үүнийг дахин давтахыг хичээх болно. Бид өөрсдөдөө таван тоглолт тутмын тодорхой зорилтуудыг тавьсан байгаа. Энэ 2 тоглолтоор тэдгээр зорилтууд дуусах юм.

Бид үргэлж гэртээ хийх тоглолтууддаа ялахыг хүсдэг. Энэ жил Анфилдэд бид 15 тоглосноос 10 ялж 3 тэнцсэн. Баярлахаар статистик харагдаж байгаа байх. /өнгөрсөн жилүүдэд Анфилддаа бид олон ялагдал хүлээсэн/

Ирэх тойрогт бид өөрсдийнхөө хүч чадалд итгэлтэйгээр гарч ирэх болно. Түүнчлэн бид хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө алдаагаа цайруулмаар байна. Учир нь тэд маань Халл ситид хожигдсны дараа маш сэтгэл дундуур байгаа. Гайхалтай дэмжлэгтэй байсан ч бид тэднийгээ баярлуулж чадаагүй. Харин одоо биднийг алдаагаа засах 2 тоглолт Анфилдад хүлээж байна” гэсэн байна. Үүний дараа тэрээр Коутиньогийн талаар хэлэхдээ:

“Коутиньо багийнхандаа чөлөөтэйгөөр довтолгооны бүс рүү орох боломжийг бүрдүүлж өгдөг. Миний бодлоор өнгөрсөн тоглолтод энэ бидэнд хангалтгүй байсан. Бид дэндүү удаан хөдөлж байсан ба бидний тоглолтыг эсрэг баг уншиж чадахаар байсан. Коу орж ирснээр баг илүү их гүйлтийг хийж эхэлсэн. Түүний хурц дамжуулалтууд, техник бидэнд дутагдаж байсан. Харин одоо Коутиньо эргэж ирсэн нь тун сайн хэрэг” гэжээ.

Бразил найруулагч Коутиньог бэртлээсээ ирмэгц зөрөөд довтлогч Даниэл Старриж нэг сарын дунд хүртэл бэртсэн юм. Энэ талаар Рожэрс хэлэхдээ:

“Хариуцлага одоо нөөц болон бүх тоглогчдын нуруун дээр ирж байна. Бид одоо ялалтад хүрэхийн тулд арай өөр замыг хайх хэрэгтэй болох нь. Даниэл хэсэг хугацаанд байхгүй байна. Хариуцлага бүх гишүүдэд оногдоно, түүний гэмтэл хүнд гэсэнд бид бүгд гайхаж байгаа. Гэвч рентгэн худлаа ярьдаггүй!

Энэ бол том гарз, тэр байх ёстой газраа олсон, улаан өмсгөлийг өмсөж тоглохдоо баяртай байдаг. Ирээдүйд класс тоглогч болох түүний хувьд биеийн байдал сайн байж тогтмол тоглох нь их хэрэгтэй зүйл. Бидэнд түүнийг хурдан эдгэрэхийг хүлээх л үлдлээ, тэр болтол бид байгаа хүчээрээ тулалдах болно. Бүх тоглогчид маань өөрийгөө 100 хувь дайчилж, бүхнээ зориулна гэдэгт итгэлтэй байна.

Старриж, Суарэз нар хамгийн сайн формтой байхад бид илүү сайн тоглож байгаа. Суарэзийг эргэж ирснээс хойш хүн бүр л манай 2 довтлогчийн дуэтийн талаар ярьж байсан. Стар бол тэсрэлттэй, хурд хүчтэй. Мөн Луистай гайхалтай сайн хослодог” гэсэн байна.

Халл Ситигийн талбайд ялагдал хүлээснээр улирлын 3 дахь хожигдлоо амссан Улаанууд лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа Арсэналаас 7 онооны зөрүүтэй болсон юм. Энэ талаар Рожэрс өгүүлэхдээ:

“АПЛ –ийн бусад лигээс ялгарах онцлог нь нэг хожигдоход л хоромхон зуурт лидерүүдээс хоцорч, хэдэн байрны ард ордогт юм. Хэрэв 2 болон 3 дарааллан хожвол байрандаа хэвээр байна.

Бидний тодорхой хугацаанд тавьсан зорилго бол хүснэгтийн тэргүүн эгнээнүүдэд бичигдэх байсан. Биеллээ ч олсон. Сүүлийн тоглолтыг эс тооцвол бид хэд хэдэн гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн. Энэ жил Премьер Лигийг урьдчилан таамаглах хэцүү байгаа” гэв.

Түүнчлэн Рожэрсоос өвлийн солилцооны цонхоор багаа хэрхэн зузаатгах талаар асуухад:

“Би одоогоор багт байгаа тоглогчиддоо л анхаарлаа хандуулж байна. Миний бодлоор солилцооны цонх болгон бидний хувьд нэг л маягаар явагдах байх, Хэрвээ бидэнд авч болохоор, үнэхээр хэрэгтэй гэж үзвэл санал явуулах л болно. Зарим түлхүүр тоглогчдоо бэртэлд алдсан нь мэдээж багт нөлөөлнө.

Бид ганц ийм байдалтай байгаа нь бас биш. Харин Старриж, Коутиньо нар шиг сайн тоглогчдоо бэртэлд алдана гэдэг бол маш хүнд байдаг. Гэхдээ бидэнд өөрсдийн боломжийг ашиглаж чадах тоглогчид байгаа. Одоогийн байдлаар бүх тоглогчдод энэ боломж нээлттэй, яагаад гэвэл бид улирлыг эхлүүлсэн шигээ тоглохыг хүсч байгаа” хэмээн дэлгэрэнгүй ярилцлагыг өгсөн байна.

Б.Тодруул

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …