БНСУ-ын Жинжү хотноо зохион байгуулагдаж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин алтан медалийн эзэн боллоо.
Тэрбээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэрээр 211 кг өргөсөн байна.
ОУХМ Г.Ануужин 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байсан билээ. Азийн аварга шалгаруулах 2023 оны тэмцээнд 49 улсын 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх юм.