Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй саяхан БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын нь үр дүнгийн талаар ярилцлаа. Тэрбээр 2023 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийсэн юм.
-Гадаад харилцааны сайд Таны БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлалын зорилго, ач холбогдлыг Та хэрхэн тодорхойлох вэ?
-Монгол Улсын хоёр хөршийн нэг БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цар тахлын дараах үед эрс идэвхжүүлж, бүх салбарт, бүх түвшинд хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь манай Засгийн газрын тэргүүлэх чухал зорилтын нэг. Хятадын Коммунист нам ХХ их хурлаа 2022 оны 11 дүгээр сард, БНХАУ “Хоёр хурал”-аа 2023 оны 3 дугаар сард зохион байгуулж, хөгжлийн шинэ зорилтуудаа тодорхойлж, шинэ үеийн удирдлагаа сонгон томилсон. БНХАУ-ын шинэ үеийн удирдлагатай ажил хэрэгч харилцаа тогтоох, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь миний энэ удаагийн айлчлалын үндсэн зорилго байсан. Миний бие 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Бээжин хотноо ажлын айлчлал хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Гантай уулзалт, хэлэлцээ хийж, Монгол, Хятадын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн нь айлчлалын ач холбогдлыг тодорхойлж байна.
Хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтыг тогтмол зохион байгуулж байх нь чухал ач холбогдолтой бөгөөд цар тахлын хүнд цаг үед ч тасралтгүй хэрэгжүүлж, давтамжийг нь хадгалж чадсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцсон нь энэ айлчлалын тодорхой нэг үр дүн гэж хэлж болно.
-Тодорхой тохиролцоонд хүрсэн чухам ямар асуудлууд байв?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, дээд түвшинд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ эрин үед идэвхжүүлэн хөгжүүлэх асуудлаар чухал тохиролцоонд хүрсэн. Энэ тохиролцоог бодит арга хэмжээ болгон хэрэгжүүлж, улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад гол анхаарлаа хандуулж байна.
Хоёр хөрштэйгөө найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт. Хятад улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа чухалчлан үзэж, сайн хөрш, сайн түнш, сайн анд гэж тодорхойлдог. Энэ утгаар хоёр тал улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэхээр болж, бүс нутагтаа үлгэр жишээч хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохирсон.
Монгол, Хятадын харилцааны хамгийн чухал зорилт нь худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа юм. Монгол, Хятадын худалдааг 2027 онд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилготой. Манай хоёр улсын хооронд 2022 онд 13,6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн бол энэ оны эхний улиралд 3,48 тэрбум ам.доллар болсон.
Худалдааны хэмжээг өсгөхөд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэдгээрийг автозам болон төмөр замаар холбох ажлыг түргэтгэх асуудлыг хятадын талтай ярилцсан. Тухайлбал, 1955 оны төмөр замын хэлэлцээр, 2004 оны хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр, 2014 оны транзит тээврийн хэлэлцээр зэргийг шинэчлэх, Ханги-Мандал төмөр замын боомтыг боомтын хэлэлцээрт тусгах, Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалтыг түргэвчлэх зэрэг тулгамдсан асуудлууд байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу