Ш.Чоймаа багшийн зохиосон удахгүй дуу болон мэндлэх гэж байгаа “Хан тэнгэр эцэг минь ниргээч” шүлгийг хүргэж байна. Нутаг ус, эх болсон газар шороог маань ухан сэндийчиж байгааг хараад Их номын хүмүүн хүртэл сэтгэлээ чилээн арга ядахдаа шүлэглэн сууна.
“Хан тэнгэр эцэг минь ниргээч…”
Мөнх тэнгэрийн онгон сахиустай
Мөргөж шүтдэг хайрхан уулсыг минь
Мөнгө зүүдэлсэн мөлхөө дээрэмчид
Мөрлөн малтсаар, мөхөөн хөнөөх нь ээ
Хан тэнгэр эцэг минь
Хар шуналтныг ниргээч
Газар усны эзэд минь
Галзуу шуналтныг гайтуулаач
Эзэн богдын зарлиг засагтай
Этүгэн эхийн эрдэнийн хэвлийг минь
Эд зүүдэлсэн элэг буруутнууд
Эрэглэн ухсаар, эрэмдэглэн барах нь ээ.
Хан тэнгэр эцэг минь
Хар шуналтныг ниргээч
Газар усны эзэд минь
Галзуу шуналтныг гайтуулаач
Шилийн эрсийн шөрмөс шалгасан
Шижирлэн шаргалтах сэжүүргүй талыг нь минь
Шилтгээн зүүдэлсэн шиншээ нүгэлтнүүд
Шимийг нь сорсоор, сэглээд төгсөх нь ээ.
Хан тэнгэр эцэг минь
Хар шуналтныг ниргээч
Газар усны эзэд минь
Галзуу шуналтныг гайтуулаач
Аливааг тэтгэх ариун ундаргатай
Анирлан долгилох амгалан мөрдийг нь минь
Алт зүүдэлсэн албин төрхтнүүд
Амин голыг нь адлан сүйдлэх нь ээ.
Хан тэнгэр эцэг минь
Хар шуналтныг ниргээч
Газар усны эзэд минь
Галзуу шуналтныг гайтуулаач