Дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн 8 байршлын зураг төслийг боловсруулна

Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын хоёрдугаар ээлжийн дахин төлөвлөлтийн тухай”  А/1044 тоот Захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр батлагдсан 2-р ээлжийн 8 байршлын нэгж талбарт хамрагдсан газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг 2013 оны 12 дугаар сарын 05-ны дотор гаргахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Гэр хорооллын орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-т үүрэг болголоо.  Мөн тухайн байршилд газар эзэмших, ашиглах эрх, шилжүүлэх үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд түр зогсоохыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр батлагдсан 2-р ээлжийн 8 байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд Хот байгуулалтын тухай хуулийн 24.2-т заасны дагуу хот байгуулалтын бусад үйл ажиллагааг түр зогсоохыг нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт үүрэг болголоо. Нийслэлийн ИТХ-ын 9 сарын 26-ны ээлжит хуралдааны 12/43 тоот тогтоолоор  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн байршлыг тогтоосон юм. Тогтоолын дагуу дараахи 8 байршилд нэмж төсөл хэрэгжүүлнэ.

1.    Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3,8 га
–       228 хүн амтай, нийт 57 нэгж талбарыг хамарна. 1 давхар амины орон сууцнууд барихаар төлөвлөж байгаа бөгөөд төлөвлөлтөөр 107 өрх байхаар төлөвлөжээ.

2.    Баянзүрх дүүргийн 2 –р хорооны нутаг дэвсгэр дэх “Дарь эх” амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 12 га
–       580 хүн амтай, нийт 145 нэгж талбарыг хамарна. Тус амины орон сууцны хороололд ерөнхий төлөвлөгөөгөөр 700 орчим айл өрх байхаар төлөвлөжээ.
3.    Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Сансар сөх” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3,9 га
–       1400 хүн амтай, 2 орцтой 5 давхар орон сууцны барилга 13 ширхэг, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис аж ахуй үйлчилгээний барилга байгууламж төлөвлөжээ.
4.    Баянзүрх дүүргийн 2,4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” орчмын хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөгөө 70 га
–       8460 хүн амтай, 2 давхар амины орон сууц 65 ширхэг, 5 давхар нийтийн орон сууц 51 ширхэг, 9 давхар нийтийн орон сууц 4 ширхэг, 19 давхар үйлчилгээтэй орон сууц 5 ширхэг, Засаг захиргааны нэгдсэн контор 1, Ерөнхий боловсролын 3 сургууль, 2 цэцэрлэг, олон нийтийн үйлчилгээний 13 барилга, их, дээд сургууль 3, 10,2 км автозам барихаар төлөвлөжээ.
5.    Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржайлин хийд” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 7,6 га
–       356 хүн амтай, 22,4 км цэвэр усны шугам,300м3ус шахах хүчин чадалтай насос станц, 58, 35, 102-р сургууль, 109, 103-р цэцэрлэг, өрхийн эмнэлэг, гал команд усны шугамд холбогдсон байхаар төлөвлөжээ.
6.    Баянгол дүүргийн 10,11-р хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 93 га
–       5640 хүн амтай, 2 орцтой 5 давхар орон сууцны 13 барилга, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис, аж ахуйн үйлчилгээний барилга байгууламж байхаар төлөвлөжээ.
7.    Хан-уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 16,5 га
–       520 хүн амтай, нийт 130 нэгж талбарыг хамарна. 12 давхар орон сууцны барилга 16 ширхэг, 12 давхар үйлчилгээний орон сууц 3 ширхэг, 1-3 давхар худалдаа үйлчилгээний барилга 4 ширхэг, амины орон сууц 108 ширхэг, 640 сурагчтай 1 сургууль, 230 хүүхдийн 1 цэцэрлэг байхаар төлөвлөжээ.
8.    Багануур дүүргийн 1,5-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 78,7 га
–       4200 хүн амтай, нийт 270 нэгж талбар хамарна. Төлөвлөлтөөр хүн ам нь 6052 хүрнэ. Орон сууцны 60, гэр сууц 1180, худалдаа үйлчилгээний 2 барилга байхаар төлөвлөжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …