ART WEEK 2023 “Дүрслэх урлагийн долоо хоног” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэлийн Хороо хамтран зохион байгуулж буй Улаанбаатар ART WEEK “Дүрслэх урлагийн долоо хоног” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Гурав дахь удаагаа зохиогдож байгаа тус арга хэмжээнд нийт 150 гаруй бүтээлчээс өнөө цагийн монголын дүрслэх урлагийн өнгө төрхийг тодорхойлж яваа бүтээлчдийн үе үеийн төлөөлөл 43 уран бүтээлчийн ажил сонгогдож олон нийтэд уран бүтээлээ толилуулахад бэлэн боллоо.

Уг үзэсгэлэн нь 5-р сарын 24-өөс 31-ний хооронд үргэлжлэх бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд зохион байгуулагдаж байна.

Жил бүрийн 5-р сарыг Дүрслэх Урлагийн сар болгон зарласан бөгөөд энэ удаагийн ART WEEK үзэсгэлэн нь шинэ залуу үеийнхэнд Монголын дүрслэх урлагийн томоохон уран бүтээлчдийн бүтээлийг танин мэдүүлэх ач холбогдолтойн дээр энэ төрлийн арга хэмжээнүүд нь төрөлх хотоо урлагаар дамжуулан гадна дотнынхонд сурталчлах, соёлын аялал жуулчлалын нэг хэлбэр болон өргөжих боломжтой том ажил, агуулгын эхлэл билээ.

Эл үзэсгэлэнд Венецийн бенналь, Документа, Бээжин бенналь, Норд Арт, Кванжу бенналь зэрэг энэ цагийн орчин цагийн дүрслэх урлагийн ертөнцөд дээгүүр эрэмбэлэгддэг, нэр хүндтэй наадмуудад уригдаж, сонгогдож байр эзэлсэн эсвэл эх орныхоо орчин үеийн урлагийг сурталчилсан бүтээлчдийг урьж монголынхоо үзэгчдэд давхар таниулах зорилтыг тавьсан байна.

ART WEEK 2023 үзэсгэлэнгийн ерөнхий куратороор уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, Б.Баатарзориг нар сонгогдон ажиллаж байна. Өмнөх жилийн үзэсгэлэн болсон орон зайд дахин болж байгаа тул үзэсгэлэнгийн нийт харагдац, уур амьсгал зэргийг ялгаатай байлгахаар кураторын багийнхан төлөвлөн ажиллалаа.

Өмнө зохион байгуулагдаж байсан “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн нь Соёлын бүтээлч сараар олон нийтийн хүртээл болдог байсан бол энэ жил анх удаа бие даасан хөтөлбөр болон зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.

 Мөн орон зайн, үйл хөдлөлийн, видео арт, ассембляж, интерактив зэрэг шинэ медиа, холимог ажлуудаас гадна тосон будгийн уран зураг, зураасан зураг зэрэг уламжлалт арга, хэлбэрүүдийг хамарсан нь өмнөх жилийн үзэсгэлэнгүүдээс ялгарах онцлогтой. Өөрөөр хэлбэл уламжлалт медиа ашиглан хийсэн шинэ агуулга, контемпорари санааг үзэгчдэд давхар харуулахыг зорилоо.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …