“Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, энэхүү төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг ирэх зургаадугаар сарын 2-ний өдрөөс эхлэн “Улаанбаатар” зочид буудлын их танхимд толилуулах гэж байна.
“Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж байна.
Харин жүжгийн гол дүрд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Д.Асардарь, Т.Сэргэлэн, С.Батзориг, залуу жүжигчин Н.Наранхажид нар тоглох юм.
Түүнчлэн энэхүү уран бүтээлийн “шигтгээ” дүрд загвар өмсөгч С.Төгс тоглохоор “Орфей” театрынхантай нэгджээ.
Тодруулбал, загвар зохион бүтээгчдийн урласан шилмэл хувцаснуудыг загварын тайзнаа “амилуулдаг” С.Төгс энэ удаа театрын тайзнаа “Шөнө дундын бүжиг”-ийн Цэнгэл хэмээх дүрээр “амьдарна”.
Ташрамд дурдахад, “Шөнө дундын бүжиг” нь “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм.
“Энэ нийгэмд бодит байдал дээр хүн төрхтэй араатан олон болж. Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалдаа, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж” гэдгийг тод томруунаар харуулдаг, содон сонирхолтойгоор өгүүлдэг эл жүжгийг М.Батболд өнөө цагийн үзэгчдэд зориулан найруулах бөгөөд энэ удаа кабаре драм төрлөөр, насанд хүрэгчдэд зориулан хүргэхээрээ онцлог.