Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, ОХУ, БНХАУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 20 улсаас биечлэн 160, цахимаар 120, нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн.
Наадмын хүрээнд Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 16, 18-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулахын зэрэгцээ гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм.
“Asia Folk 2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмыг анх 2019 онд Улаанбаатар хотноо Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр, 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж байсан. Харин энэ оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци зохион байгуулна.
Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчууддаа Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна.