Улс оронд амаргүй асуудал олон байна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа хэлээд байгаа. Шударга бусын, балчиг намгийн асуудал хэт их болсон. Үүний шалтгаан болбоос төрд албан хашиж байгаа түшээд, сайд, дарга нарын ёс зүй алдагдсантай холбоотой. Ёс зүй хаана дуусна, тэндээс хууль ёс эхэлдэг гэдэг эртний үг бий.
Улс төрчдийн, албан тушаалтнуудын ёс зүй уланд гишгэгдэж, тэдний албан тушаал, эрх мэдлийг дагасан завхрал нийгэмд газар авсан. Сүүлдээ ийм байдал нь улс орноо тонох хэмжээнд хүрчихсэн. Дөчин их наядын нүүрсний хулгай нь жирийн иргэдийн биш төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоотой бий болсон.
Ийм нөхцөл байдлын улмаас өнгөрөгч 2022 оны 12 сард УИХ-ын гишүүн Ш.Адьшаа анхлан “шүгэл үлээн” “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан, үүндээ улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд хуулиар тодорхой хориглолт, хязгаарлалт тавих замаар дээрх алдаа завхралыг хуульчлах замаар арилгах боломжийг эрэлхийлсэн.
Үүний дараа 2023 оны 01 сард Монгол Улсын Засгийн газраас Ш.Адьшаа гишүүний санаачилсан хуулийг дээрх төслийг илүү сайжруулан батлуулахаар УИХ-д өргөн барьсан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн агуулга нь үндсэн хоёр зүйлд тулгуурлаж байгаа бөгөөд
Нэгдүгээрт: Төрийн өндөр албан тушаалтнууд /Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга нар/-ын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй тухай Хоёрдугаарт: Эдгээр албан тушаалтнуудын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглох тухай заалт юм.
Хэдийгээр энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хууль дах хүний эрхтэй холбоотой заалтуудтай зөрчилдөж байгаа мэт харагдах боловч улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавьж, зайлшгүй ийм хууль гаргахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа юм.
Эс бөгөөс эрх мэдэл, мэдээлэлд дөтөөрөө нийгмийн бүх боломжийг хулгайлж, зөвхөн өөрсдөө баяжиж, нийгмийг орхин доройтуулсан байдал өнөөдрийн үндсэн зураглал үргэлжилсээр байх болно.
Эдүгээ энэ хуулийн төсөл Засгийн газрын бөгөөд Адьшаагийн хууль гэх байдлаар нийгэмд ойлгогдон, өнөөдрөөс хууль тогтоох байгууллагаар хэлэлцэгдэхээр болж.
Ш.Адьшаа гишүүний санаачилсан, Засгийн газрын дэвшүүлсэн эл хуулиар шударга ёсны, бодит үнэлгээний, тэгш гарааны нийгэм бүрдэнэ гэсэн ойлголт нийгэмд бүрхээд, үүнийг илүү ихээр анзааран, илүү ихээр шаардан хүсэх нийгмийн сэтгэл зүй бүчээстэй байна.
Тиймээс Ш.Адьшаа гишүүн эл хуулийн үндэслэл, бодит гаргалгаа, дэвшимжийг нийгэмд илүү өргөн тайлбарлаж, улс орны ирээдүй, хөгжил дэвшил, шударга ёсны тогтолцоонд хэрхэн бодит хувь нэмрээ оруулахыг тайлбарлан таниулах нь нэн чухаг байна.
Б.БАЯР
Амлалт.мн