“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын жюү жицүгийн шилдгүүд өрсөлдөж байна.
“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ Мягмарын Сугар не-ваза төрөлд хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор ялснаар Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирав.
ОУХМ Мягмарын Сугар 2013 онд АНУ-ын Лос-Анжелест Монголын жюү жицүгийн түүхэнд анхны дэлхийн аварга болж байсан. Үүнээс жилийн дараа Холливудэд дахин ирж хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтан болсон.
Мөн түүний хувьд “Данань-2016” Азийн элсний наадам, “Ашгабат-2017” Азийн танхимын спортын наадмаас хүрэл медаль хүртэж, 2019 онд Улаанбаатарт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд +70 кг-ын жинд аваргалж төрийн дууллаа эгшиглүүлж байв.
М.Сугар нь жюү жицүгээс гадна жүдо, самбо, кураш, бүстэй барилдаан гээд бөхийн олон төрөлд хүч үзэж тив, дэлхийд өндөр амжилт үзүүлсэн тамирчин.
Тэрбээр 2016 оноос хойш Дорноговь аймагт, 2019 оноос жюү жицүгийн “Хилэнц” клубийн дасгалжуулагчаар ажиллаж шавь нараа бэлтгэсээр байна.