Бичил уурхайчдыг намнах нь хэнд ашигтай вэ?

Гадаадын хөрөнгө оруулалттай “Шарын гол” ХК-ийнхан болоод Шарын голын бичил уурхайчдын хооронд байнгын зөрчилдөөнтэй байсаар ирсэн. Өмнө нь “Шарын гол” ХК-ийн хамгаалагч нар бичил уурхайчдыг бороохойдон зодсон хэрэг гарч байсан. Харин энэ удаад Дархан-Уул аймгийн Засаг дарга болоод “Шарын гол” ХК-ийн гадаад эзний захиалгаар монголчууд монгол иргэдээ хүнд техникээр мөргөж, үйл ажиллагаанд нь саад учруулсан хэрэг “Шарын гол” суманд гарлаа. Үүний дагуу тус суманд ажиллаж, бичил уурхайчдын нөхцөл байдалтай танилцлаа.

Машинаараа шууд мөргөж унагаасан

Б.Алтантуяа “Буянтын хөндий шарын гол” ТББ-ын талбай хариуцсан ажилтан

“Шарын гол” ХК болон Бичил уурхайчдын хооронд дахин зөрчил гарлаа. Энэ удаад юу болсон бэ?

Бид 2013 оноос эхлээд нөхөрлөлийн зохион байгуулалтанд ороод ажиллаж байгаа юм. Манай ТББ-т Шарын гол сумаас 670 хүн, Дархан-Уул аймгаас 100 гаруй хүн бүртгэлтэй байдаг. Бид энэ талбайн дээд хэсэг болох 2,8 га талбайд нөхөн сэргээлт хийгээд сумандаа хүлээлгэж өгсөн. Харин одоогийн олборлолт хийж байгаа энэ газрыг сумынхаа удирдлагуудтай хэлэлцэж зөвшилцсөний үндсэн дээр ухаж байгаа. Манай үйл ажиллагааг зогсоох сонирхолтой хүмүүс олон байдаг учраас бид их дарамт шахалттай ажилладаг. Тухайлбал 12 дугаар сарын 02-ны өглөө үүрээр 06:00 цагийн орчимд 20-30 хүний суудалтай, хамгаалалтын албаны 5 том хар машин дүүрэн танихгүй хүмүүс ирсэн. Тэд нар “Шарын гол” ХК-ны 2 экскватор авчирсан байсан. Тэгээд юу юугүй бидний үйл ажиллагаа явуулж байгаа газрыг тойруулан 2 метрийн өргөн, 3 метрийн өндөртэй нүх ухаж, гортиг татаж эхэлсэн. Бидний нөхөн сэргээж сумандаа хүлээлгэж өгсөн газрыг юу ч үгүй сэндийчсэн. Тэгэхээр нь бид нар очиж тэдгээр хүмүүсийг хаанаас, хэний захиалгаар, ямар учраас газар шорооны ажил хийж байгааг асуухад “Шарын гол” ХК-тай хашаа барих гэрээ хийсэн. Гэрээнийхээ дагуу хашаа барихаар нүх ухаж байна. Та нарын үйл ажиллагаанд саад учруулахгүй” гэж хэлэхээр нь бид ажлыг нь хүндэтгээд орхисон. Гэтэл тэдгээр хүмүүс бүтэн 24 цагийн турш газар шорооны ажил хийгээд нийт 5 га газрыг сэндийлж нүх ухсан.

Нүх ухсанаас гадна төмөр тор татсан байна. Ямар учиртай төмөр тор татсан юм бол?

Бичил уурхайчид биднийг хамгийн их эмзэглүүлсэн асуудал нь тэдгээр хүмүүс ухсан нүхнийхээ хажуугаар давхар тор татсан. Би энэ төмөр торыг бодит амьдрал дээр шоронгийн хашаан дээгүүр татсан байхыг харсан. Бас онцгой объект болох манай энд байдаг зэвсгийн агуулах дээгүүр татсан байхыг харсан. Түүнээс биш хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа ажлын талбар дээр торлуулсан хүмүүс хараагүй. Бид энд гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаараа ажилладаг. Гэтэл энэ олон хүмүүс зөвшөөрөлтэй ажлынхаа талбайд төмөр тороор торлуулж байгаа үйл явдлыг анх удаа харлаа. Бид маш их эмзэглэж байгаа.

Бас машинаар хүн дайрсан гэсэн. Тэр асуудал юу болсон бэ?

“Шарын гол” ХК-ийн техникүүд газар шорооны ажил хийхийн зэрэгцээ манай машинуудыг гаргаж, оруулахгүй гэж бидний үйл ажиллагаанд саад хийж эхэлсэн. Нэг бол дотор байгаа машинуудаа гарга, үгүй бол гаднаас машин оруулахгүй гэж хэлснээс болоод маргаан үүсч машиных нь урд шаардлага тавиад зогсож байсан манай нэг бичил уурхайчныг машинаараа шууд мөргөж унагаасан. Бид сум, аймаг, нийслэлийн цагдаад шат дараатайгаар мэдэгдэж, дуудлага өгсөн. Манай сумын цагдаагаас хүмүүс ирээд аль аль талд нь зохих арга хэмжээ авсан. Хүн дайрсан жолоочид хариуцлага тооцно гэж найдаж байна. “Шарын гол” ХК энэ газрыг бидэнтэй булаацалдаад байгааг ойлгохгүй байна. Олон зуун хүний аягатай хоолноос самардах гээд улайрч байгаа энэ үйлдэл хэрээс хэтэрлээ.

Өмнө нь “Шарын гол” ХК-ны хамгаалагч нар бичил уурхайчдыг зодож байсан удаатай байх аа?

Өнгөрсөн 6 дугаар сард биднийг энд ажиллаж байхад “Шарын гол” ХК-ны хамгаалалтын албаныхан ирж эмэгтэй хүнийг цахилгаан бороохойгоор бороохойдож байсан. Бороохой нь одоог хүртэл бидэнд байгаа. Бичил уурхайчид бидний ажил хатуу ширүүн хавчлага дунд явагддаг.

“Шарын гол” ХК нь гадны хөрөнгө оруулалттай, гадаад захиралтай компани. Энэ компанид хичнээн тооны монгол хүмүүс ажилладаг вэ?

Манай “Буянтын хөндий шарын гол” ТББ-т 670 хүн бүртгэлтэй ажилладаг. Гэтэл “Шарын гол” ХК 200 монгол ажилчинтай. Тэгэхээр Шарын гол сумын нийт хүн амын хэдэн хувийнх нь амжиргааг бичил уурхайчид залгуулаад, хэдэн хувь нь “Шарын гол” ХК-аас амжиргаагаа залгуулж байгаа вэ гэдэг нь ойлгомжтой.

Газар ухаж, гортиг татсанаас болоод Шарын гол сумыг цэвэр усаар хангадаг шугам хоолойг эрсдэлд оруулсан байна шүү дээ?  

Тийм ээ. Манай сумын тухайд 8000 хүн амтай том сум. Манай сумыг цэвэр усаар хангадаг Буянтын худаг энд байдаг. Буянтын хөндийгөөс гарч байгаа цэвэр усны хоолой яг үүгээр дайран өнгөрдөг. Гэтэл “Шарын гол” ХК-ийн хүнд техникүүд газар шорооны ажил явуулахдаа цэвэр усны шугам хоолойг харгалзахгүйгээр ухаж сэндийчээд хоолойг ил гаргачихсан байна. Тиймээс бичил уурхайчид бид үүнээс гарах эрсдлийг хүлээхгүй гэдгээ “Дулаан шарын гол” ТӨҮГ-ынхандаа мэдэгдсэн байгаа.

Х.Төмөрбаатар: “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн ерөнхий инженер

-Хамгаалалтын бүсэд газар ухах заалт зөрчсөн-

“Шарын гол” сумыг унд ахуйн болон үйлдвэрлэлийн цэвэр усаар хангадаг Буянтын цэвэр усны эх үүсвэрийн гол шугам энэ хэсгээр дайрч өнгөрдөг. Өнөөдрийн байдлаар энд хувиараа алт олборлодог хүмүүс ч ажиллаж байгаа, мөн Шарын гол ХК-ны уурхайгаас экскватор ирж ухсан байгаа юм. Тухайн компаниас цэвэр усны шугамын хажуугаар газар шорооны ажил хийнэ гэж албан ёсоор манайд мэдэгдээгүй. Гэтэл манай төв шугамын хамгаалалтын бүсийн газар шороог ухаад сэндийлчихэж. Хууль дүрмэнд заасан журмаар хамгаалалтын бүсэд газар ухах, ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт зөрчигдсөн байна. Яг цэвэр усны шугам дээр шороо ухаад хаячихсан байна. Хэрэв энэхүү ухалт төнхөлтөөс болоод шугам хоолой гэмтсэн тохиолдолд “Шарын гол” сумын ундны ус болон өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүснэ.

Энэ асуудлыг цаашид яах вэ?

Бид энэ асуудлыг байгууллагынхаа шугамаар зохих газруудад хандана. Ухаж төнхсөн шороогоо хэвийн болгох арга хэмжээ авч өг гэж шаардана. Ер нь өвлийн хүйтэнд сумын цэвэр усны эх үүсвэрийн шугамын ойролцоо газар шорооны ажил явуулж, булсан шугамыг ил гаргасан нь буруу юм. Эндээс харж байхад зогон татаад ухсан байна. Ухахдаа хамгаалалтын бүсийг ямар нэгэн байдлаар анхаарч үзэлгүй ухсан байна гэж үзэж байна.

Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-ны тэргүүн Б.Наранцогт:

1 шөнийн дотор 2 экскватороор ухаад сүйтгэчихлээ-

Өнөөдөр Шарын голын хэмжээнд нийт 300 гаруй хүн зохион байгуулалтанд орж жижигхэн газарт олборлолт хийгээд бүтэн өвөлжингөө олон айлын амьдралыг аваад явах бололцоотой байхад хэн нэгэн хүн хувийн эзэмшил тогтооно гээд нэг шөнийн дотор хоёр экскватороор ухаад газар, орон нутгийг сүйтгэчихээд байж байна. Бичил уурхайчид үйл ажиллагаа явуулахад алхам тутамдаа саад бэрхшээлтэй тулгарч байгаа. Энэ асуудлыг төр засгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, яамдын албан хаагчид нэлээд анхаарч үзэх шаардлагатай байна.

Үндсэн хуулинд газрын доорх баялаг ард түмний өмч л гээд байдаг. Гэтэл ямар байдлаар ард түмний өмч болох вэ гэдэг нь тодорхойгүй. Үүнийг сайтар нягтлахгүй бол болохгүй. Орон нутгийн иргэд орон нутгийнхаа эзэн нь байх системийг бий болгоход, орон нутгийн иргэдийн орлоготой байх зарчим маш их хөндөгдөж байгаа. Тэгэхээр эрхзүйн орчныг сайжруулснаар ажилгүйдэл багасна, айл гэрийн орлого нэмэгдэнэ. Орон нутгийн төр, захиргааны байгууллагууд ард түмнийхээ талд ажиллана гэх боловч хууль дүрмийн хэмжээнд явахаар үйл ажиллагаа нь гацаанд орсон байдалтай байдаг.

Ч.Цэнгэлмаа: “Буянтын хөндий шарын гол” ТББ-ын гүйцэтгэх захирал

-Биднийг удаа дараа дарамталж байна-

Бид өмнө нь “нинжа” гэдэг хэлбэрээр олон жил явсан. Харин ТББ болж, нөхөрлөлийн зохион байгуулалтанд ороод 5 дахь жилдээ болж байна. Бид 600 гаруй хүний аж амьдралыг шийдсэн үйл ажиллагаа явуулдаг. Бичил уурхайчид болоод “Шарын гол” ХК-ийн хоорондын зөрчил удаа дараа гарч байна. Энэ сарын 02-нд болсон үл ойлголцлын талаар ярихад “Шарын гол” ХК-тай байгуулсан гэрээгээр хотоос ирсэн хүмүүс 2 метр орчим шуудуу ухаж, тор хатгасан. Хаанаас ирсэн, хэн гэдэг нь мэдэгдэхгүй ямарч бичиг баримтгүй хүмүүс байсан. Тэр хүмүүс бичил уурхайчдын орох, гарах гарцыг хааснаас үүдээд зөрчил үүссэн. Сумын цагдаагийн газраас хүмүүс ирэхэд хамаг юмаа хаяад хот руу зугтаачихсан. Энэ байдал удаа дараа гарч байна.

“Буянтын хөндий шарын гол” ТББ хичнээн хүний аж амьдралыг залгуулж байна вэ?

18-аас дээш насны хүмүүс манай объектод ажиллах дотоод дүрэмтэй. Шарын гол суманд ямарч ажлын байр байхгүй. Гэтэл энэ сум хуучин хотын статустай байсан том сум. Энэ сумын иргэдийн 100-ны 90 хувь нь бичил уурхайгаар амьдралаа залгуулдаг. Манай ТББ нийт 500-600 гаруй хүний аж амьдралыг залгуулдаг. Бид төр засгаас, сум орон нутгийнхаа удирдлагаас ажил олж өгөөч гэж гуйж үзээгүй. Бид боломжоороо өөрөө өөрсдийгөө болгоод, бичил уурхай эрхлээд явж байгаа. Гэтэл өөрсдийнхөө амьдралыг болгоод явж байгаа хүмүүсийг хяхан хавчих, дарамтлах асуудал удаа дараа гарсаар байна.

Т.Алтанболор: “Буянтын хөндий шарын гол” ТББ-ын санхүүгийн албаны дарга

Манай “Буянтын хөндий шарын гол” ТББ 30 орчим нөхөрлөлтэй. Өвөлдөө 300 орчим бичил уурхайчид үйл ажиллагаа явуулдаг. 30 нөхөрлөлөөс 1 сард 40 мянган төгрөгийг татвар гэж хураадаг. Түүнийхээ 10 мянган төгрөгийг “Нөхөн сэргээлтийн дундын сан”-даа оруулдаг. Үлдсэн 30 мянган төгрөгийг нь дотоод үйл ажиллагаа болон сум, орон нутгийн хөгжилд хамаарах үйл ажиллагаанд зарцуулдаг. Яг одоогийн байдлаар 3122000 /гурван сая нэг зуун хорин хоёр мянга” төгрөгийг сум, орон нутгийнхаа хөгжил болоод хандивт зарцуулаад байна.

А.Жанай Бичил уурхайчин

-Бид баяжаад байгаа юм биш-

Бичил уурхайчид бидний байдал үнэхээр хүнд байна. Өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн хөөгдөж туугдан ажиллаж байна. Энэ сарын 02-ны шөнө хоёр экскватор ирээд газар дэлхийг маань бужигнуулж хаячихаад явсан. Бид ухсан газраа буцаагаад нөхөн сэргээдэг. Гэтэл гадаад эзэнтэй компанид хууль үйлчилдэггүй мэт монголын газар нутгийг хаа сайгүй ухаж, сэндийлж байна. Та нарын харж байгаачлан маш гүнзгий нүх ухаад, тор татаж монгол хүнийг амьдаар нь торонд хорилоо. Би энд үр хүүхэд, гэр бүлийнхээ хүнтэй ажилладаг. Гадны компанийн захиалгаар экскватороор газар ухаж байхад “ямар учраас, хэний дураар газар шорооны ажил хийж байна” гэж сум болоод аймгийн засаг захиргаанаас нэг ч хүн ирээгүй. Бидний монголын газар шороог гадны хэн нэгэн ирээд ухаж байхад хэн ч, юу ч хэлэхгүй чимээгүй өнгөрч байна. Шороо угааж амьдралаа залгуулж байгаа Шарын голын ажилгүй иргэд цаашид яах вэ. Бид баяжаад байгаа юм биш. Өнөө, маргаашийнхаа л хоолны мөнгийг олох гэж энд ажиллаж байна.

Эх сурвалж: www.aravt.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …