Монгол Улс 14 дэх жилдээ эдийн засгийн чуулганыг амжилттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд залуучуудын санаачилгаар анх удаа “Монголын эдийн засгийн форумын залуучуудын уулзалт” болж, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, ногоон хөгжлийн талаар үзэл бодол, санал санаачилгаа харилцан бие биедээ танилцуулж, олон улсын экспертүүдтэй санал солилцож байна. Залуучуудын уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож манлайлагч залууст амжилт хүслээ.
2024 оны нэгдүгээр сард Щвейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс оролцоно. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ удаагийн эдийн засгийн чуулганы онцлогийг залуучуудад танилцуулаад Дэлхийн эдийн засгийн чуулганы дэргэд Дэлхийн залуучуудын чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулдаг болох санаачилгыг дэвшүүлж, анхны арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах саналаа илэрхийлэхээ мэдэгдлээ. Ингэснээр Дэлхийн эдийн засгийн форумын тайзнаа дэлхийн залуусын дуу хоолойг сонсож, орон бүхний залуу манлайлагчдын хамтын ажиллагааг бэхжүүлнэ хэмээн үзэж байна.
Дэлхийн эдийн засгийн форумын үндэслэгч Клаус Шваб 1993 онд “Маргаашийн төлөөх дэлхийн манлайлагчид” форумыг санаачилж, улмаар 2005 онд “Дэлхийн залуу манлайлагчдын форум” болж өргөжсөн олон улсын индэр нь 120 гаруй орны 1500 орчим манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсний дотор Монгол Улсын залуус ч багтдаг. Тиймээс дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, хөгжиж буй ардчилсан засаглалтай орны залуу манлайлагчид Монгол Улсын байр суурь, үзэл бодол, дуу хоолойгоо олон улсад илэрхийлэх нь туйлын чухал гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцлон тэмдэглэв.
“Монголын эдийн засгийн чуулган-2023”-ын хүрээнд олон төрлийн салбар хуралдаан, хэлэлцүүлэг, уулзалтууд болж байна. Үүний нэг болох “Олон улсын индексийн үзүүлэлт ба Монгол Улсын өнөөгийн байдал” сэдвийн дор болж буй хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтүүдийг Монгол Улс хэрхэн сайжруулах, үүнд нөлөөлж буй гол асуудлыг эрдэмтэн, судлаач, мэргэжлийн байгууллагууд, гадаад, дотоодын оролцогчид энэ хэлэлцүүлгийн үеэр тал талаас нь ярилцаж байна. Ерөнхийдөө авлигын төсөөллийн индекс болон олон улсын бусад төрлийн идексүүдийн үзүүлэлт нь шууд утгаараа тухайн улс орны эдийн засгийн түвшинг тодорхойлдог гэдгийг үндсэн илтгэл тавьсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцлов. Ялангуяа төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх боломжийг эрэлхийлж, Засгийн газрын үйл ажиллагааг олон улсын индекс гаргадаг байгууллагуудад үнэн бодитоор ойлгуулах, Монгол Улсын өрсөлдөх чадварын сул тал, түүнийг хэрхэн засаж буйгаа зөв өнцгөөр танилцуулах нь чухал байгаа аж.